АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэхгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар АТГ-ын мөрдөгчид шүүхээс даалгасан ажиллагааг нь хийгээд дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон аж. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 11-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсний дотор Х.Баярхүү, У.Золбоо нарынх багтсан юм.
Тэднийг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан бөгөөд эл хүмүүс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулсан, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй билээ. Тодруулбал, Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг хүнд даацын 300 гаруй тээврийн хэрэгслийг Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарт үзлэгт оруулж тэнцсэн хэмээн баримт бүрдүүлсэн гэж яллагдагчаар татсан юм. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулсан гэх “Сантээвэр групп” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүл, “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, мөн тооны чиргүүл, “Тэнгри транс”, “Баянговь транс” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр “Тэнцсэн” хэмээн хуурамч мэдээлэл тээврийн хэрэгслийн бүртгэлийн сандаа оруулж, давуу байдал бий болгосон байдаг. Ийнхүү хуурамч мэдээлэл оруулж, тэнцүүлснээр тухайн тээврийн хэрэгслүүд нь улс хооронд байнга ачаа тээвэрлэх “С” зөвшөөрөл авсан гэдэг.