Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд энэ зун 99 байршилд 15 нэр, төрлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөжээ. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайг цэцгээр чимж байгаа гэнэ. Үүнээс одоогоор 398 мянга гаруй цэцэг суулгажээ. Тухайлбал, мандарваа, тахиан залаа, хайтан, лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан зэрэг төрлийн цэцгийг сонгон хотын өнгө үзэмжийг сайжруулахад ашиглаж буй аж. Мөн нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгэн байгууламж бий болгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч