Хаа холынх мэт сонсогддог байсан хар тамхины аюул хаалгаар орж ирээд, хойморт гараад “тухалчихлаа”. Хайртай үрсийн тань толгойг хэзээ мөдгүй залгихаар ам хэлээ шилэмдэн байна. Монгол залуусын толгойг хар тамхины аюул залгихад ойрхон болсныг илтгэсэн бодит үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөж, гурван бүлгийн 20 гаруй хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар (ХТТГ)-ын ажилтнууд илрүүлэн саатуулж, мөрдөн шалгаж эхлэв. Тэдний дунд хүүхэд, залуусын дунд нэрд гарч яваа уран бүтээлчид ч бий. Чинээлэг айлын хүүхдүүд ч байна. Хоногийн хоолоо арайхийж залгуулж буй айлынхан ч буй юм билээ. Цагаан тахлын аюул айл болгоныг түгшүүрт автуулах хэмжээнд хүрээд зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэстэн оршин тогтнохуйд ч сөрөг нөлөө учруулж ч болзошгүй байна.
Донтохоос нь өмнө дориухан анхаарч, эрсдэлд оруулалгүйгээр татаж авахгүй бол нэгэнт мансуурагч болсон бол ямар аюултай болохыг хэд хэдэн жишээ татан сэрэмжлүүлэхийг зорилоо.
Хар тамхийг хүүхэд, залуус нэг удаа хэрэглээд донтохгүй гэсэн буруу ойлголттой байдаг. Тиймээс нэгэндээ уруу татагдаж сонирхсоны хар гай нь насан туршдаа донтох эмгэгтэй болгож буй. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдээ цаг ямагт анхаарч байнга ажиглан ярилцаж, биеийн аль нэг хэсэгтээ элдэв шарх сорвитой болсон, эсэхийг хянаж байх энгийн адал суух ёстой болчихож. Уг нь энэ аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага байнга анхаарч, сургуулиудад очиж яриа таниулга хийдэг ч эцэг эх, асран хамгаалагч нар үл ойшоодог, бараг л суудаггүй юм билээ. Ийм сургалтыг сурвалжлахаар нэг бус удаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиудад очиход 300-400 сурагчийн ар гэрийг төлөөлж 40-50-хан хүн сууж байх жишээтэй. Тэдний талаас илүү нь эмээ, өвөө нь гээд бод.
Уг нь ХТТГ-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтнуудын явуулдаг эл сургалтад нэг удаа л суугаад үзэхэд хар тамхины хор хөнөөл, үр дагавар, түүнийг хэрэглэсэн хүнээс илрэх шинж тэмдэг зэрэг тодорхой мэдлэгтэй болж, үр хүүхдээ цагаан тахлаас сэргийлэх анхны мэдэгдэхүүнтэй болчихно. Харамсалтай нь, манайхан үл ойшоодгоос хожим амаа барихад хүрч, аргаа ядаад цагдаагийн байгууллагад хандах тохиолдол ч гарах болов.
Цагаан тахлын аюулаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь ан ганц цагдаагийн байгууллагын хийх ажил биш. Бүх шатны боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбар, гааль, хил хамгаалах, тагнуулынхан тус тусын хүлээсэн үүрэгтэй. Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэгт тус тусынх нь үүргийг тодорхой тусгасан байгаа. Гэвч ан ганц цагдаагийн байгууллага Монгол Улсын хилээр орж ирээд жижиглэнгээр борлуулж буй болон нутаг дэвсгэрт маань төлждөг мансууруулах бодистой тэмцсээр байгаа нь учир утагдалтай.
“ХҮҮХДЭЭ ДИЙЛЭХЭЭ БОЛИЛОО, ЦАГДАН ХОРИОД ӨГӨӨЧ”
Хүүхэд, залуусын унд алдаршиж яваа нэгэн уран бүтээлч залуу гэрээсээ гарах гэж зүтгэн лайв хийж буй, ээж нь гаргахгүй хэмээж байгаа бичлэг хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мансууруулах бодис хэрэглэчихдэг учраас ээж нь ийн “тэмцэлдэж” байж. Хар тамхийг нэг л удаа хэрэглэснээр донтогч, хэрэглэгч болох аюултайн тод жишээг энэ мэтээс харж болно. Хэрэглэх зүйлээ олж авахын тулд донтогчид юу ч хийхээс буцахаа больдог. Хэдэн жилийн өмнө сурвалжлагч би вээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн ядруухан айлд очиж байв. Ач хүү У нь хулгайн хэргээр нэг бус удаа ял шийтгүүлж байсан бөгөөд мансууруулах бодист донтож, гэрийнхээ эд хогшлыг хулгайлан худалддаг, эцэстээ өсгөн хүмүүжүүлсэн өвөө, эмээдээ гар хүрээд гарч явдаг нэгэн байсан юм. Энэ бол хар тамхи хаалга голдоггүй гэдгийн тод жишээ.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгө чинээ ядмаг байсан ч ялгаагүй мансууруулах бодист донтсон л бол ямар ч эмчилгээгүй, харанхуй ирээдүй хүлээж буйг илтгэх нэг бодит хэрэг. Үүнтэй адил “Үр хүүхдээ ийлэхээ болилоо, цагдан хориод өгөөч” гэх хүсэлт хууль, хяналтын байгууллагад цөөнгүй ирэх болж. Аргаа барсан эцэг, эхчүүд л ийнхүү хүсэлт тавьж байна. Энэ тоо улам нэмэгдэх магадлалтай. Тиймээс эртнээс сургууль, эцэг, эх, эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллага хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай болоод буй юм.
Мансууруулах бодис хэрэглэчхээд юу ч хийхээс сийхгүй болсон бодит жишээ нэг бус бий. Эрүүл ухаанаа алдаж, хийж буй үйлдлээ хянаж чадахаа болиод, элдэв хэрэг үйлдэх болсон. Хулгай, ээрэм, хүчин, бэлгийн ур хүслээ ёс бусаар хангах, залилан мэхлэх гээд маш олон гэмт хэрэгт мансууруулах бодист донстоны уршгаар холбогдож, ял шийтгүүлж буй юм. Нэгэн эмэгтэйг мансууруулах бодист донтуулаад, нэлээд их хэмжээгээр тоологдох эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан хэргийн яллагдагч Д.Б гэх эр өөрөө хар тамхины наймааны хэрэгтээ ял шийтгүүлэн хоригдож байгаа бодит жишээ байна.
Хамгийн сүүлийн үеийн аймшигтай хэргийг олон нийтийн сүлжээнээс иргэд, уншигчид олж уншсан нь лавтай. Тодруулбал, Хан-Уул үүргийн нутагт өнгөрсөн хоёрдугаар сард эл хэрэг гарч, тухайн үедээ олныг цочирдуулсан билээ. Удам угсаа сайтай, өөрөө ч эрдэм номын мөр хөөсөн эр мансууруулах бодист донтсоны уршгаар хийж буй үйлдлээ хянаж чадахгүйд хүрснээс үү, эсвэл өөр шалтгаан байснаас уу, хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, цогцсыг нь нохойдоо хаяж өгч идүүлсэн гэх хирт хийлгэм аймшигт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд буй юм билээ. Энэ мэтээр мансууруулах бодист донтсон, магадгүй үйлдлээ хянаж чадахаа больсон хүмүүс өөр олон аймшигт хэрэг өдүүлж болзошгүй нь.
МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН, ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХИЙГ ЗАВДСАН ХОЁР Ч ХЭРГИЙГ ШҮҮХ ХЯНАЖ БАЙНА
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн намар цацагдсаныг зарим уншигч санаж буй. Эл хэргийг мөн л мансууруулах бодистой холбоотой хэргийн яллагдагч үйлдсэн байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, нэг бус удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан Б.О гэх эр эл хэргийг үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 18-нд Баянгол үүргийн XI хорооны нутаг, ЭХЭМҮТ-ийн хашаан доторх онгоцны зогсоолын орчимд иргэн Т.С, С.А нарыг хутгалсан юм.
Б.О Т.С-гаас мөнгө зээлдэн авсныхаа араа өр, авлагаас болж маргалдан эрүүл мэндэд нь халдсан юм. НПГ-аас Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 эх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1-2.6-гийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг хөнөөхийг завдсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг мансууруулах бодисыг худалдсан, худалдах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд нь дээрх хуулийн 20.7-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Тэрбээр Т.Х гэдэг залууд мансууруулах бодис худалдсан хэмээн гэм буруутай, эсэхээ хамтдаа дэнслүүлэхээр болсон юм. үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-ний баасан гарагт хийхээр товлоод байна.
Тэднээс гадна мөн л удаа араа ял шийтгүүлж байсан Б.Б гэх эрд холбогдох хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-д заасан хүний амь санаатай бүрэлгэхийг завдсан, 20.7-2 ахь хэсгийн мансууруулах бодис борлуулах зорилгоор хадгалсан, 23.1-2.2-ын хууль сахиулагчийг зэвсэглэн эсэргүүцсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй аж. Тэрбээр “Мерседес бенз” загварын автомашиндаа мансууруулах бодис борлуулах зорилгоор хадгалж байгаад өнгөрсөн оны зургаадугаар сард цагдаагийнханд баривчлагдсан юм билээ. Мөн Баянзүрх үүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Перфект импаир” гэдэг компьютер тоглоомын газарт 2023 оны наймдугаар сард иргэн У-ын биед мэс ашиглан халдаж амийг нь бүрэлгэхийг завдсан, тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч руу хутга барин дайрч эсэргүүцсэн хэрэгт холбогдсон гэнэ.
Энэ мэтээр мансууруулах бодисын гайгаар өөр бусад гэмт хэрэгт холбогдож, эцэстээ хүний аминд хүрэхээс ч сийхгүй үйлдэл гаргах болж байна. Удаа араа ийм зүйл автагдаж, нийгэмд айдас түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд очихоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн багш, сурган хүмүүжүүлэгчид, эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагынхны дэмжлэгээр хийж чадна. Донтохоос нь өмнө ориухан анхаарч, эрсдэлд оруулалгүйгээр татаж авахгүй бол нэгэнт мансууруугч болсон бол ямар аюултай болохыг хэд хэдэн жишээ татан сэрэмжлүүлэхийг зорилоо. Мэргэн оюундаа тунгаан, нэгийг бодож, цагаан тахлын аюулаас сэрэмжилж, үндэсний аюулгүй байдал, удмын сангаа хамгаалах ньиргэн бүрийн үүрэг билээ.