“Тусгай хамгаалалттай газруудын асуудлыг Улаанбаатар хот шийдэж таарахгүй. Тогтолцоог бүхэлд нь эвдэх нь. Монгол газраа тусгай хамгаалалтад авах үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Бид хотын олон асуудлыг дэмжиж байгаа. Заримыг нь нүдээ аниад л дэмжсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомжийг зөрчиж болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг хуулийн дагуу УИХ тогтоодог”. УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 31-ний нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Н.Энхболд ийнхүү бухимдлаа. Учир нь нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг нэмж, тусгай хамгаалалттай газрыг ч хариуцуулах хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулж ирсэн юм. Ямартай ч гишүүд үүнийг дэмжсэнгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийг хуулийн дагуу дархан цаазат, байгалийн цогцолборт, дурсгалт, байгалийн нөөц газар гэдэг дөрвөн ангилалд хуваадаг. Үүн дээр хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэдэг тав дахь ангилал нэмэх төслийг БОАЖЯ-ныхан боловсруулж буй гэнэ.
39 ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДУНД “ХАВЧУУЛЖЭЭ”
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Үүнийг дагалдуулан 39 хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Тэдгээрийн дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг “хавчуулжээ”. Улаанбаатар хотын нутагт хамаарах тусгай хамгаалалттай газрыг нийслэлийн Засаг даргын мэдэлд өгөхөөр уг хуулийн төсөлд тусгасан нь сонирхолтой. Хотын газар нутагт хамаардаг Богдхан уулаас авхуулаад Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зэрэг нь нийслэлийн Засаг даргын мэдэлд ирнэ гэсэн үг.
УИХ энэ сарын 5-ны хуралдаанаараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Гэхдээ түүнийг дагалдуулан өргөн барьсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өмнө дурдсан шалтгаанаар санаачлагчид нь буцаасан юм. Дархан цаазат Богдхан уулыг өмчлөх гэсэн ээлжит нэгэн оролдлого УИХ-ын танхимд хүрээд “унасан” нь энэ.
Ер нь Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээг хумих, барилгажсан хэсгийг нь тусгай хамгаалалтаас гаргах талаар байсхийгээд л ярьдаг. Эл санаачилгын автор нь ихэнхдээ л салбарын яам нь байсан юм. Тэгвэл энэ удаад “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг нийслэлийн нутаг дэвсгэр дэх дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газар нутгийн хязгаарлалтын бүсэд хэрэгжүүлэх, хамгаалалтыг эрхлэх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлэх” гэсэн заалт нэмэлтээр оруулахаар хуулийн төсөлд тусгасан байлаа.
УРАГШЛАХ БУС, УХАРНА
Манай улсын газар нутгийн 21 хувь нь тусгай хамгаалалттай. Эл үзүүлэлтийг 30-д хүргэхийг олон улсын байгууллагууд зөвлөдөг. Бас дотоодын бодлогын баримт бичгүүдэд ч ийм агуулгатай заалтууд тусгасан байдаг билээ. Харин хотын дарга үүний эсрэг буюу тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг хумихыг санаархсан юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ талаар “Бид Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулаад Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя, газрыг үнийг төлүүлье гэсэн боловч энэ ажлыг шалтгаангүйгээр зогсоож байна. Угтаа бол газрын элдэв наймаа, мөнгө угаалт явагдсан тухайн хэсгийг цэгцлэх ёстой. Адаглаад бүртгэлжүүлж, татвар авах ёстой. Гэтэл үүнийг ажил хэрэг болгох гэхээр ацаглаад зогсоочхоод байна. Сүүлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны нөхдүүд холбогдох материалаа өгөхгүй сүүлээ хавчин зугтаасан. Энэ бол байгаль орчны асуудал хариуцсан үе үеийн сайд нар, тэднийг дагасан газрын наймааны бүлэглэлүүдийн хийсэн ажил. Улаанбаатар хотыг тойрсон уулын амууд, тэр дундаа Богд уул отог нэртэй том том хотхонуудаар дүүрсэн. Газрын наймааны бүлэглэлийг бид дийлэхгүй шинжтэй” гэж тайлбарласан юм.
ТАВ ДАХЬ АНГИЛАЛ БИЙ БОЛГОНО ГЭВ ҮҮ
Тусгай хамгаалалттай газрын, тэр дундаа Богдхан уултай холбоотой асуудал үүгээр эцэслэгдэхгүй бололтой. Үйл явдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь БОАЖЯ-ныханд ч гэсэн уг газартай холбоотой шийдэл, ашиг сонирхол бий. Тэр нь тусгай хамгаалалттай газрын тав дахь ангилал бий болгох аж. Тусгай хамгаалалттай газар нутгийг хуулийн дагуу дархан цаазат, байгалийн цогцолборт, дурсгалт, байгалийн нөөц газар гэдэг дөрвөн ангилалд хуваадаг. Үүн дээр хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэдэг тав дахь ангилал нэмэх төслийг БОАЖЯ-ныхан боловсруулж буй гэнэ. Тусгай хамгаалалттай газар дахь барилгажсан хэсгүүдийг уг ангилалд хамруулах юм байх.
“Сөөм ч газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахгүйгээр эрх зүйн харилцаанд нь тав дахь ангилал буюу хот, суурин газрын хязгаарлалтын бүс байгуулах хэлбэрээр менежментийг зохицуулахыг зорьж байна. Нэгэнт барилгажсан газрыг бид эрх зүйн хувьд нэг талд нь гаргаж шийдвэрлэх ёстой болчхоод байгаа. Дутуу хийж болохгүй. Үүний тулд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьж, тав дахь ангиллыг нэмж оруулах нь зүйтэй. БОАЖЯ энэ талаар олон нийтээс санал авч, хэлэлцүүлээд, бүх шатанд нь эцэслэчихсэн” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ярив.
Гэхдээ энэ нь үнэхээр оновчтой шийдэл мөн үү. Хот, сууринтай ойролцоох тусгай хамгаалалттай газруудыг ашиглаад, барилгажуулаад, тав дахь ангилалд хамааруулчхаж болно гэсэн агуулга юм биш биз гэсэн хардлага ч бий. Зөвхөн Богдхан уул бус, тусгай хамгаалалттай бүхий л газрын аль нэг хэсэгт нь суурьшил, барилга, байгууламж бий болгочхоод түүнийгээ “хот, суурин газрын хязгаарлалтын бүс” гэж тодотгох арга биш гэж үү. Бас ийм ангиллын газрыг ашигласан тохиолдолд өндөр төлбөр авна гэсэн санааг ч сайд Б.Бат-Эрдэнэ цухалзуулах болсон.
4215 ГА ТАЛБАЙГ 2420 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ОЛГОЖЭЭ
Тусгай хамгаалалттай газрыг хамгаалалтын дэглэмийнх нь хувьд онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд хуваадаг. Богд хан уулын онгон бүс нь 6921.6 га. Энэ нь барилга байшин барих байтугай хадаас ч хатгах ёсгүй газар нутаг. Хамгаалалтын бүсэд нь 28 050.4 га талбай хамаардаг. Уг бүсэд ч барилга байшин барих боломжгүй. Тэгвэл 6455.8 га талбай одоогоор хязгаарлалтын бүсэд нь хамаарч байна. Эл хэсэгт л аялал жуулчлалын отог байгуулах нэрээр газар авсан байгууллага, аж ахуйн нэгжийнхэн өндөр барилга, орон сууцын хорооллууд бариад буй юм. Түүний үр дүн нь одоо бидний харж байгаа Зайсан, Яармаг, Нүхт орчмын орон сууцууд.
Уг нь хязгаарлалтын бүсэд “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” гэж Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11.7-д заажээ. Эл заалтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн талаас илүүг нь буюу 4215 га талбайг 2420 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон гэх тоо байна. Эдгээр газрыг олгосон зориулалт нь түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх аж. Гэвч тэнд отоглох, түр буудаллах цэг, судалгаа шинжилгээний бааз байхгүйг хэн хүнгүй мэднэ.
АЛЬ АЛЬ НЬ БУРУУТАЙ
Хуулийнхаа дагуу отоглох цэг байх ёстой газрууд яагаад орон сууцтай болчихов гэдэг асуудлаар яг одоо БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ-ынхан маргаж, аль аль нь нэгнээ буруутгаж, нэр цэвэр үлдэхийг хичээж байна. Харин бодит байдалд тэдний аль аль нь буруутай аж. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ-ын “хамтын ажиллагаа”-ны хүрээнд л Богдхан уулын хязгаарлалтын бүс барилгажчихаад байгаа юм. Товчхондоо, тэнд газар олгох зөвшөөрлийг БОАЖЯ өгдөг. Тухайн газарт барилга барих зөвшөөрлийг нь нийслэлийн холбогдох албаныхан олгосоор ирсэн аж.
Харамсалтай нь, тэдэнд энэ бүхнийг цэгцлэх шийдэл байсангүй. Харин эрх мэдлээ хэн нь авах вэ гэсэн тэмцэл үргэлжилсээр байна. Богдхан уулын хязгаарлалтын бүсэд одоо хэн нэгэнд олгох газар бараг байхгүй. Харин тэнд нэгэнт суурьшсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс өндөр татвар, төлбөр авах “эрх мэдэл” л үлдсэн. Эл “эрх мэдэл”-ийг л салбарын яам болон нийслэлийнхэн булаацалдаад буй бололтой.
Бэлтгэсэн: М.Оч