Монголд аялахаар ирсэн солонгос жуулчдын валютыг зочид буудалд нь хуурамчаар сольсон хэрэг гарч, БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас манай талд хандан анхааралдаа авч шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Тэгвэл манай цагдаагийнхан гэмт хэргийн талаарх мэдээлэл ирүүлсэн даруйд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй хүнийг тогтоон дайчлан баривчилсан байна. Хуурамч ам.доллартой холбоотой эхний мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нэгэн иргэн өгчээ. Манай улсад ирсэн БНСУ-ын иргэн Худалдаа, хөгжлийн банкны “Гранд плаза” салбарт 300 ам.доллар солиулах гэтэл хуурамч болох нь батлагдаж, тус салбарын ажилтнууд хураан авсан аж.
Үүний дагуу цагдаагийнхан шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байтал Налайх дүүрэг дэх “Хос уянга” сургуульд зочилсон БНСУ-ын жуулчид 900 ам.доллар хандивласныг нягтлан бодогч нь ХААН банкны салбарт солиулах гэтэл бас хуурамч болох нь тогтоогджээ. Тэдгээр валют нь нэг ижил сери, дугаартай байсныг банкны эх сурвалжууд мэдээлсэн юм. Хандив өргөсөн солонгосчууд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь нэгэн амралтын газарт байсныг тогтоон холбогдох тайлбар, мэдүүлгийг цагдаагийнхан аваад байж.
Уг гэмт хэргийг Б.Бадамгарав гэдэг өмнө нь “Гранд хилл” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй үйлдсэн гэж буруутгагдаж буй аж. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөхдөө зочид буудлын өрөөний түлхүүрийг буцааж өгөлгүй авч үлдсэнийгээ ашиглан солонгосчуудын буусан өрөөнүүдээр орж жинхэнэ ам.долларыг нь хуурамчаар сольсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Кино, клипэнд ашиглах зорилгоор хийсэн уг хуурамч дэвсгэртүүдийг хэргийн холбогдогч эмэгтэй 30 орчмыг олж аваад “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдэд ч борлуулсан, дээрх байдлаар зочид буудлын өрөөнд нэвтэрч сольсон гэдэг нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болж буй гэнэ.