Хотын ойн санд өнгөрсөн хавар түймэр гараагүйг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллага, нийслэлийн ОБЕГ болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран хотын ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийжээ. Ингэхдээ нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хуурайшилтын хугацаанд тогтмол хяналт шалгалт явуулсан аж. Энэхүү хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаагаа уржигдраас хаажээ. Өнжмөл өвсний түймэр хаврын улиралд 124 бүртгэгдсэнээс хөдөлгөөнт эргүүлийнхэн 41-ийг газар дээр нь илрүүлэн, унтраасан байна. Тухайн бүсийн 60 иргэнтэй гэрээ байгуулан эргүүлээр ажиллуулжээ. Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 2175 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, 11 852 иргэнд гарын авлага, санамж сэрэмжлүүлэг өгчээ.