Иргэдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу энэ сарын 10-наас завьт эргүүлүүд ажиллуулж эхлэхээ нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/656 тоот захирамжийн дагуу Онцгой байдлын, нийслэлийн Цагдаагийн удирдах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх юм байна. Завьт эргүүлүүд Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж хүртэл, Баянзүрхийн Хар усан тохойгоос Хан-Уулын Хадан хясаа хүртэлх хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь.
Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой завьт эргүүлүүд 14 дэх жилдээ ажиллах гэж буй нь энэ. Тэд ирэх есдүгээр сарын 15 хүртэл үүрэг гүйцэтгэнэ.
Бэлтгэсэн: М.Оч