Автобусаар зорчиж буй иргэдийг бүртгэх, тоог нарийвчлан гаргах зорилгоор толгой тоолох төхөөрөмж байрлуулахаа нийслэлийн Засаг дарга өмнө нь мэдээлж байв. Тэгвэл уг төхөөрөмжийг суурилуулж дууссан бөгөөд өдгөө хэвийн ажиллаж байгаа аж. “Өдөрт 30-40 мянган төгрөг автобусны жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарын орлогыг сайжруулахын тулд толгой тоолох төхөөрөмж суурилуулна. Карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой” хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв.
Зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгдөг байдлыг зогсоох нь уг төхөөрөмжийг ашиглах болсон үндсэн зорилго. Гэхдээ энэхүү төхөөрөмжийг одоогоор судалгааны зориулалтаар ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээс төсөвт хэдэн төгрөг орж ирж байна гэх зэргээр төлбөрийн мэдээллийг нарийвчлан судлах гэнэ. Судалгааны үе шатанд яваа тул төлбөрийн мэдээлэл зорчигчдын тооноос зөрсөн тохиолдолд буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг одоохондоо шийдээгүй юм байна. Энэхүү төхөөрөмж нь хүнийг таних программ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас хэллээ.
Мөн нийтийн тээврийн төлбөрийн шинэ системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Төлбөрийн шинэ системээ автобус бүрд байршуулаад буй гэнэ. Худалдаа хөгжлийн, “Голомт” болон ХААН банкны К картыг шинэ төлбөрийн системд ашиглаж болно гэдгээрээ онцлогтой юм байна. Үүнийг хэрэглээнд хэзээ нэвтрүүлэхийг хараахан шийдээгүй гэнэ. Төлбөрийн шинэ систем байршуулсан ч хуучин төхөөрөмжөө хэрэглээнээс гаргах, эсэхийг ч одоогоор шийдээгүй аж.
Бэлтгэсэн: А.Үүл