Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын марафоны төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд хоёр цаг найман минут 10 секунд, эмэгтэйчүүд хоёр цаг, 26 минут, 50 секундийн дотор амжилт үзүүлсэн байх ёстой. Марафон гүйлтийн эрх олгох тэмцээн өнгөрсөн сарын 5-нд өндөрлөснөөр Францын нийслэлд наймдугаар сарын 10 (эрэгтэй), 11-нд (эмэгтэйчүүд) улс тус бүрээс хурд сорих марафончид тодорсон. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос олимпын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлав. Хэрэв оролцох болзол биелүүлсэн тамирчдын тоо 80-аас цөөн байвал чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгох журамтай.
Эрэгтэйчүүдээс болзол биелүүлсэн 70 марафончоос гадна дэлхийн чансааны оноогоор 10 тамирчин олимпын эрхээ авсны нэг нь Гавьяат тамирчин Б.Сэр-Од. Дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлагад бэлтгэл базаасан тэрбээр 1169 оноогоор 80-д багтаж, олимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох эрх авлаа. Тэрбээр Хофүгийн(хоёр цаг10 минут 11 секундийн амжилт үзүүлсэн) болон Осакагийн марафонд(хоёр цаг10 минут 10 секунд) гүйж, өндөр оноо авч, 74-т бичигдсэн нь ихээхэн нөлөөлжээ.
Б.Сэр-Од шиг гайхалтай түүх бүтээсэн тамирчин дэлхийд одоогоор байхгүй. Марафоноор 22 жил хичээллэж, ДАШТ-д 11 удаа оролцсон Монголын тамирчны домог Парист үргэлжилж, зургаа дахь олимпдоо өрсөлдөх нь. Түүнээс гадна манай улсаас Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпод өрсөлдөх болзол биелүүлсэн. ЯпоныТокиод өнгөрсөн гуравдугаар сард болсон марафонд Г.Хишигсайхан хоёр цаг26 минут 32 секунд, БНСУ-ын Сөүл хотод болсон тэмцээнээс Б.Мөнхзаяа хоёр цаг 24 минут 45 секундийн амжилтаар олимпод өрсөлдөх эрх өвөртөлсөн билээ.
Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн марафонд оролцохоор Этиопийн 112, Кенийн 78, Японы 28 тамирчин Францөд хөл тавина. Эрэгтэйчүүдийн марафонд Кени улсаас 77, Этиопоос 62, Японоос 27 тамирчин оролцох юм.