Багануур дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын иргэдийг ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Энэ үеэр тус дүүргийн III хороонд байрладаг, гадаадын хөрөнгө оруулалттай МЕСЕС ХХК-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хятад иргэд олноороо ажиллаж байсныг илрүүлсэн аж. Орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын 19 иргэн зохих зөвшөөрөлгүйгээр дээрх компанид ажиллаж байсан гэнэ.
Тэд бүгд Монгол Улсад аялах буюу жуулчин ангиллын визээр орж ирсэн байжээ. Уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын материалын бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МЕСЕС компани нь эл 19 хүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан Монгол Улсад төлөх ёстой ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аяллын виз авч манай улсын хилээр хоёроос 10 гаруй хоногийн өмнө орж ирсэн иргэдийг ийнхүү хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байв. Тэд Замын-Үүд болон Өмнөговь дахь хилийн боомтоор нэвтэрсэн байжээ.
Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр тушаах хуулийн зохицуулалттай. Гэвч уг төлбөрөөс зайлсхийж, аяллын визээр манай улсад нэвтэрсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж буй нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж, татвар, төлбөрөөс зайлсхийсэн үйлдэл юм.
Тиймээс жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг ГИХГ-аас зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэдэг. Гэвч ийм зөрчил гарсаар, ГИХГ-ынхан ч илрүүлэн албадан нутаг буцаасаар байгаа юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их даваа уул”, “Хайрхан авто сервис”, “Чайна жео-инженеринг корпорац” ХХК-д гадаадын 14 иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг ГИХГ-ынхан хяналт шалгалтаараа илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргасан аж. Мөн Дорноговь аймгийн нутагт байрладаг “Билэгт баялаг”, “Тайшиншан юань”, МДМУ ХХК-ийнхан зөвшөөрөлгүйгээр өмнөд хөршийн 11 иргэнийг хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлэн албадан гаргажээ.