Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал энэ сарын 6-7- нд Улаанбаатарт болно. Уг бага хурлыг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж, олон талт хамтын ажиллагаа, эрчим хүч, түүнд шаардлагатай ашигт малтмалын асуудал зэрэг таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулах аж.
Манай улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа, хэлэлцээрийн механизм бий болгохыг зорьж иржээ. Улмаар 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга дэвшүүлж, 2014 оноос эхлэн олон улсын бага хурлыг тогтмол хугацаанд хийж буй юм. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг хийснээр бүс нутгийн аюулгүй байдал, түүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, итгэлцлээ бэхжүүлэх олон улсын индэр болж ирсэн байна. Энэ удаагийн хуралд Зүүн хойд Азиас гадна бусад бүс нутгийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох нь.