Монгол бөхийн дэвжээг ёс бусын зүйлээр сэвтээх ёсгүйг уран мэх, үнэн хүчийг үзэж барилддаг эрчүүд ухамсарлаж, нэр төрөө өндөрт өргөж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд монгол бөхчүүд ёс жудгаа гээж, элдэв хэл ам, гэмт үйлдэлд холбогдох явдал нэг бус гарах болсон. Энд тэнд зодоон цохионд оролцож, хүний эрүүл мэндийг хохироосон нь ч бий. Бүраминдньхалдсанявдлыгчмонголчуудмартаагүй. Улсын заан цолтой бөх нь хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг залилан мэхэлсэн хэрэгтээ ял шийтгүүлсэн тохиолдол ч байгаа. Улсын начин цолтой бөх нь АТҮТ-ийн салбарын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон гэм буруутайг шат шатны шүүх тогтоон, торгох ял оноосон. Улсын заан цолтой өөр нэг бөх түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрганы карьерыг өөрийн болгохын тулд хоёр өрөө байр өгөхөөр амлан тохиролцсон боловч хэлсэндээ хүрэлгүй наймаа буцсан байдаг. Тэгсэн атлаа төд удалгүй өөр нэгэн бөхтэй хамт согтуу очиж, наймаа хийхээр тохиролцсон иргэнийг айлган сүрдүүлж, зодож нүдэх шахсан талаар тухайн хүн шүүхэд мэдүүлсэн нь ч бий. Энэ мэтээр монголчуудын, нутаг орныхныхоо бахархал, хүндэтгэлийг хүлээж байдаг бөхчүүд ёс жудгаа уландаа гишгэж, хэрэг төвөгт орооцолдох болов. Бөхчүүд холбогдсон нэгэн хэргийн талаар энд дэлгэрүүлэн хүргэе.
“АЛТ УХАХГҮЙ” ГЭСЭН АВАРГЫН ЖУДГААС ҮЛГЭР ДУУРАЙЛ АВАХ БАЙЖ
Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ “Алт ухахгүй, амьтны амь таслахгүй” гэсэн зарчим амьдралдаа баримталж ирснээ ярилцлагадаа өгүүлж байсан удаатай. Гэвч зарим бөх их аваргаасаа үлгэр дуурайл авдаггүй бололтой. Дорноговь аймгийн харьяат аймгийн арслан, заан цолтой бөхчүүд зохих зөвшөөрөлгүйгээр газар шороогоо сэндийчсэн үйлдэлдээ анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн юм. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны есдүгээр сард хэлэлцэн шийтгэх тогтоол баталсан, тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны нэгдүгээр сард, Улсын дээд шүүх 2024 оны гуравдугаар сарын сүүлчээр хянан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Г.Шижирбат, Б.Баттулга, Н.Эрдэнэтөгс, Ё.Эрдэнэжаргал, Б.Мөнх-Од нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.2-1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” гэх хэргийн яллагдагчдын заримыг орон нутгийнхан бөх хэмээж байгаа юм.
Энэ хэрэг 2019 оны арван хоёрдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, Тольт гэх газарт гарчээ. Орон нутгийн иргэд уг газарт “Бөхчүүд алт ухаж байна” хэмээн шивэр авир гэлцэх болсон аж. Сумын удирдах албан тушаалтан нэгэн хууль хяналтын байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Сайхандулаан сумын удирдах албан тушаалтны хувьд хэлэхэд, “Бөхчүүдийн бригад” тэнд алт ухаж байгааг манай сумын иргэд мэдэж байсан. Бөхчүүд гэдэг утгаар нь ч тэр юм уу, тэднээс айж, эмээдэг учраас алт ухаж байсныг хэлж чаддаггүй байх” гэсэн бол иргэн Ж “Н ахын байшин 2018 оноос хойш эзгүй байдаг болсон. Хааяа Н.Эрдэнэтөгс, миний танихаас аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал болон өөр хэд хэдэн бөхийн хамт ирчихсэн байж байдаг” хэмээн өгүүлсэн байна. Тэгвэл сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтан О.Б“Тольт гэдэг газарт ашиглалт, хайгуулын болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн талбай байдаггүй. Тэнд манай сумын иргэн Н.Эрдэнэтөгс хэдэн бөхийн хамт 2019 оны арванхоёрдугаар сард алт ухаж буйг ярих болсон. Алт ухаж байсан хүмүүсээ Н.Эрдэнэтөгсийн аавын гэрт авчирч амраадаг байсан байх. Аавынх нь хашаанд шөнө машинтай ирж хоноод, өглөө явдаг” гэж мэдүүлэгтээ дурдсан байв.
Тус сумын харьяат Н.Эрдэнэтөгс нутгийн залуу М-д “Тольт гэдэг газар ах нь алтны чулуун орд ашиглах гэж байгаа юм. Хэдэн хүн хариуцаад ажиллаач” гэсэн санал тавьжээ. 10-аад хоногийн дараа дөрвөн залуу ирснээс хойш удалгүй дээрх газарт очиж ажлаа эхэлсэн байна. Тэд эхлээд алт хайгч төхөөрөмжөөр тандалт хийгээд цахилгаан молоток, компрессор ашиглаж ухжээ. Ингээд хоёр шуудай алттай чулуу гаргаад байтал Н.Эрдэнэтөгс, Б.Мөнх-Од нар ирж авсан гэнэ. Тэд явахдаа “Дахиад ухаад бай, “шар юм” гарвал хэлээрэй” гэсэн аж. Энэ талаар гэрч М мэдүүлэхдээ “Цааш ухаж байтал 17.00 цагийн үед Н.Эрдэнэтөгс, Б.Мөнх-Од нар ирээд “Дахиад юм гараагүй бол өнөөдөртөө гэртээ харьж амарцгаа, маргааш болъё” гэж хэлсэн. Тэгээд Н.Эрдэнэтөгс ахын аавынд очоод байтал 21.00 цагийн үед аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал өөрийнхөө “Хариер” загварын автомашинтай ирсэн. Тэд шуудайтай алттай чулуугаа аваад, “Маргааш өглөө эрт гарч ажиллаарай” гэж хэлээд явсан” хэмээжээ.
УГААСАН АЛТАА “УРТ ЦАГААН”-Ы ЧЕНЖҮҮДЭД ТУШААЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ БОЛЖЭЭ
Тольтоос олборлосон алттай чулуугаа хаа нэгтээ тээрэмдүүлж, “шар юм”-ыг нь ялгаж аваад, дээрх хүмүүсийн төлөөлөл нийслэлд ирж борлуулсан байгаа юм. Олны нэрлэж заншсанаар Урт цагаан буюу Жуулчны гудамжинд “Алт авна, хайлна” гэсэн хаяг олон. Тэдний нэгэнд суух И.М, түүний үеэл Б.Л нартай Б.Баттулга очиж уулзан алтаа борлуулсан байна. Энэ тухай Б.Л “Дорноговь аймгийн заан Б.Баттулга манай ажлын байрны гадна тааралдаад “Алтны ханш хэдтэй байна вэ” гэж асуун манайх руу орсон. Б.Баттулга уутнаас нэлээд их хэмжээний алт гаргаж ирснийг хайлуулж үзэхэд гурван кг гаруй хэмжээтэй болж байв. Тухайн үеийн ханшаар 400 гаруй сая төгрөгийн үнэд хүрсэн. Бид мөнгийг нь нэг дор бүгдийг нь өгч чадахгүй байсан учраас найз нөхдөөсөө зээлэх гэж удаж байтал гаднаас Төгсөө гэж өөрийгөө танилцуулсан залуу орж ирээд, бид ХААН банкны салбар руу хамт явж тэдний хэлсэн дансанд мөнгийг хуваан шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг өгчээ.
Уг 400 гаруй сая төгрөгөөс нэлээдийг нь Б.Баттулга төрсөн эгчийнхээ дансанд шилжүүлж авсан нь тодорхой болсон аж. Энэ талаар түүний эгч нь мэдүүлэгтээ “Адуугаа услах гээд явж байтал дүү Б.Баттулга залгаад “Таны дансанд мөнгө хийчихье, би танд дансны дугаар өгнө, та тэр данснууд руу мөнгө хийгээд өгөөрэй” гэсэн. Тэгээд 2020 оны нэгдүгээр сарын эхээр 300-гаад сая төгрөг шилжүүлсэн. Би “Энэ чинь юун их мөнгө вэ, ямар учиртай юм бэ” гэхэд “Дүү нь компаниа зарж байгаа юм” гэж хэлж байсан. Тухайн мөнгийг нь Б.Баттулгын хэлсэн хэд хэдэн данс руу махны, машины, ноолуурын үнэ, зээл гэх зэрэг утгатайгаар шилжүүлсэн. Миний дансанд хийлгэсэн бүх мөнгөө Б.Баттулга бусдын данс руу шилжүүлүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Харин өөр нэг гэрч нь “2020 оны нэгдүгээр сард надад 1.2, Наранболдод нэг сая төгрөг өгсөн, Тэмүүжинд яг хэдийг өгснийг мэдэхгүй. Дараа нь над руу фэйсбүүкээр холбогдоод, “Цагдаагаас шалгаад байна, болгоомжтой байгаарай. Цагдаагаас танай гэр лүү очоод чамайг асуувал мэдэхгүй гэж гэрийнхнээрээ хэлүүлээрэй” гэж байсан. Сүүлд хүмүүсээс сонсоход гаргаж авсан алтаа тушаагаад, Н.Эрдэнэтөгс цоо шинэ “Ланд круйзер-200”, Г.Шижирбат ачааны“Хово” машин авсан гэсэн” хэмээн өгүүлжээ.
700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ ШҮҮГДЭГЧ НАРААС ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны есдүгээр сард хэлэлцэн Г.Шижирбат, Б.Баттулга, Н.Эрдэнэтөгс, Ё.Эрдэнэжаргал, Б.Мөнх-Од нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны арванхоёрдугаар сард Сайнхандулаан сумын нутаг, Тольт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт есөн сая төгрөгийн хохирол учруулсан. Улмаар 716.8 сая төгрөгийн үнэ бүхий ашигт малтмал олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруутайд тооцсон юм.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуульд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж хуульчилж, төр өмчдөө авчээ. Монгол Улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй. Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй гэж шүүх дүгнэсэн байна. Улмаар Г.Шижирбат, Н.Эрдэнэтөгс нарыг найм, Б.Баттулга, Ё.Эрдэнэжаргал, Б.Мөнх-Од нарыг тус бүр зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, тэднээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700 гаруй сая төгрөгийг гаргуулах, ашигт малтмал хууль бусаар олборлохдоо ашигласан багаж, тоног төхөөрөмжийг улсад хураахаар шийдвэрлэжээ. Мөн тэдний автомашин, үл хөдлөх хөрөнгө, адуу, тэмээг битүүмжлэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700 гаруй сая төгрөгийг төлж дуустал захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.
Гэвч эл хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан, 62 сая төгрөг түүнээс гаргуулахаар болсон Б.Наранбаатар гэх хүнтэй холбоотой шийтгэх тогтоолын заалт нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэн дахин хэлэлцүүлэхээр болсон аж.
Үүний дагуу анхан шатны шүүх хоёр дахиа хэлэлцээд өмнө тогтоосон торгох ял шийтгэлийг дахин ногдуулжээ.