Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-нд манай оронд айлчилж буй. Түүний айлчлалын гол арга хэмжээ өчигдөр болсон юм. УИХ-ын сонгуулийн өмнө тус улс Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалаа хийж буй нь зарим хүнд хардлага төрүүлжээ. Улмаар түүний айлчлалыг эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байв. Нийгмийн сүлжээгээр А.Г.Лукашенког “Оросын Гитлер” хэмээн цоллож, нутаг руугаа хурдан буцахыг шаардсан байр суурь ч хөвөрлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Төрийн тэргүүнийг өчигдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд угтсан авсан юм. Уг ёслолд гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын төлөөлөл оролцов. Угтан авах ёслолын ажиллагаа дуусаж, зочид Төрийн ордонд хэлэлцээ хийж байх үеэр хоёр иргэн Украины далбааг барин Сүхбаатарын талбайгаар гүйж, түүний айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Гэвч цагдаа нар тэднийг баривчилсан байна.
Энэ мэтээр хардлага, шүүмжлэл дундуур хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, улмаар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНБУ хоорондын гэрээнд гарын үсэг зурав. 1992 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоох үед тус орны парламентын гишүүд айлчилж байжээ. Тэдний дотор багтсан А.Г.Лукашенко 32 жилийн дараа улсынхаа Төрийн тэргүүний хувиар дахин ирсэн нь энэ. Мөн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр зочилж буй юм билээ. Айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн форум зохион байгуулсан. Үүнд тус улсын 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна. Түүнчлэн хоёр улсын хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээ болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр хууль зүй, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, гадаад харилцааны салбарт хамтран ажиллах нийт 14 баримт бичигт холбогдох сайд нар гарын үсэг зурав. Үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай хоёр улс 1992 онд анх дипломат харилцаа тогтоосон ч хамтын ажиллагаа үүнээс өмнө эхэлсэн. Беларусь улс 1991 онд тусгаар тогтнолоо зарлахад хамгийн түрүүнд дэмжсэн орнуудын нэг нь Монгол байсныг дурдахад таатай байна. Албан ёсны хэлэлцээрийн үр дүнд тус улсын мэргэжилтнүүд манай Эрдэнэт, Дархан-Уул зэрэг олон газрын бүтээн байгуулалтад оролцохоор болж, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон” гэв. Харин А.Г.Лукашенкогийн мэдэгдэл албаны хэв маягаас хальж, нэлээд улс төрийн өнгө аястай болов. 32 жилийн хугацаанд Улаанбаатар хот маш их өөрчлөгдөж хөгжсөнийг тэрбээр онцлоод “Беларусь бол мөн л далайд гарцгүй, том гүрэнтэй хиллэдэг улс. Тиймээс танай улсын гадаад бодлого бидэнтэй ойр байдаг. Олон улсын нөхцөл байдал ярвигтай үед миний айлчлалыг зохион байгуулсанд баярлалаа. Бид Монгол Улстай хамтран ажиллах чин хүсэлтэй байгаа. Танай улсын урт хугацааны бодлогод тусгасан “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3-4 том төсөлд хамтран ажиллахаар ярилцсан.Уул уурхай, газар тариалангийн тоног төхөөрөмжийг манай улсаас нийлүүлэхээр тохиролцлоо” гэсэн юм. Ийм “оршил” хийсний дараа тэрбээр “Миний айлчлалтай холбоотой хэвлэлээр гарч буй эерэг, сөрөг мэдээллийг би мэдсэн. Би танай улсад ямар ч ашиг хайж ирээгүй. Харилцан ашигтай хамтарч ажиллах нь чухал” гэв. Мөн сөрөг хүчин болон барууны хэвлэл мэдээллийнхэнд Оросыг дэмжиж буй шалтгаанаа тайлбарлах гэж оролдов. Ингэхдээ “ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор миний айлчлалыг сөргөөр хүлээж авч байгаа. Чингис хаан улс гүрнээ хамгаалан дайтаж явсан. ОХУ, Украинд болж буй үйл явдлыг үүнтэй адилтган ойлгож болно. АНУ тэргүүтэй барууны орон ЗХУ-ыг бутаргах бодлого баримталж байсан. Гэвч ЗХУ тарсны дараа ч бид барууны орнуудтай сайн хамтын ажиллагаатай явсан. НАТО-гоос ОХУ болон Беларусь руу дайрахгүй гэсэн амлалт өгч байлаа. Ойртвол ОХУ-д шууд заналхийлсэн үйлдэл болно. Гэтэл энэ хоригийг зөрчиж, асуудал эхлүүлсэн нь Украин. Тиймээс бид зөвхөн газар нутгаа хамгаалж байгаа юм. Украинд хүмүүсийг амьдаар нь шатааж байна. Тиймээс Путин тэнд байгаа ард иргэдээ хамгаалж буй. Би энэ бүхний гэрч. Намайг хоёр талын зохицуулагч гэдэг. Би энхийн хэлэлцээр хийхийг хичээж байна. Гэвч энэ бол цаг хожих барууныхны бодлого байсныг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. АНУ Оросын хүчийг сулруулах л зорилготой учраас энхийн хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байна. Украинд зэвсэг үгүй болсон, ОХУ ч дайтахыг хүсэхгүй. Тиймээс монголчууд минь шүүмжлэхийг биш, бодит байдлыг харж дүгнээрэй. ОХУ бол бидний холбоотон, хамгийн ойр дотнын анд. Тиймээс ямагт ОХУ-ын талд байх болно” гэв. Ийнхүү Монгол Улсын Төрийн ордноос Беларусийн Ерөнхийлөгч барууны хэвлэлд давхар хандсан сэтгэл хөдлөл өндөртэй мэдэгдэл хийлээ.
Мөн тэрбээр албан ёсны хэлэлцээрийн ч, мэдээлэл хийх үедээ ч “Монгол бол маш их байгалийн баялагтай улс. Үүнийгээ хамгаалах ёстой. Оршин тогтнохын тулд хүчтэй байх хэрэгтэй” гэдэг байр суурийг хэд хэдэн удаа давтаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөсөн нь анхаарал татав. А.Г.Лукашенко 1994 онд тус улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш тасралтгүй таван удаа улирч, 30 дахь жилдээ ажиллаж буй, энэ жил 70 настай хүн юм.