Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан нийслэлд хүүхдүүдэд зориулсан үзвэр, үйлчилгээ , арга хэмжээ нүүдийг өргөнөөр зохион байгуулав . Тухайлбал, хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг нь хөгжүүлэх, зорилготой “Kids art festival”-ийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан юм. Уг фестивальд оролцогчид хүүхэдтэйгээ хамт зурж, будаж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн. Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон 2024”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Тус марафонд нийт 550 орчим хүүхэд оролцсон аж. Түүнчлэн нийслэлийн төв талбай болон түүний ойр орчимд олон арга хэмжээ болов. Харамсалтай нь, төв талбайн өнгө төрх иргэдийг бухимдуулав. 72 дахь удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайн энд тэндгүй ундаа, үлээдэг хөөсний сав хаяж, хогоор дүүргэсэнд иргэд унтууцлаа. Тодруулбал, баярын өдрөөр төв талбайд “Нарантуул” зах “нүүн иржээ”. Худалдаа эрхлэгчид энд тэндгүй идэж уух зүйлс, тоглоом, нүдний шил борлуулахаар бичил лангуу зассан байв. Нэгэн иргэн цахим хуудсандаа “Нарантуул” төв талбайд нүүгээд ирж. Хүүхдээ хөтөлсөн монголчууд бичил “Нарантуул” болсон талбайг тойрон холхилдох аж.
Намайг багад байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдийг дуудан бэлэг өгч, “Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдааны шагналтнуудын үзэсгэлэн гарч, паркт дугаарладаг байв. Бас “Бамбарууш” кафед зайрмаг долоож, аарц уудаг байсан. Гэтэл өдгөө улсдаа ганц байсан циркийг нь нураачихсан. Хүүхдийн парк нь дөрөв дахин агшиж жижгэрээд, Байгалийн түүхийн музей нь хаалгаа барьсан ” гэжээ . Энэ мэтээр иргэд цахим хуудсандаа хүүхдийн баяртай холбоотой санал шүүмжлэлээ илэрхийлсээр байлаа. Эрх баригчид хүүхдүүдийн ая тухай орчинд өсөж, хөгжих боломжийг нь хязгаарлаж, байсан бүхнийг нь нураачихаад баярын өдрөөр нь бичил “Нарантуул” зах үзүүлж байна хэмээн иргэд голчлон шүүмжилсэн юм.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн