Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, I хорооллын зам буюу Энхтайваны өргөн чөлөөний дагуу 1.5 км дугуйн зам тавьж, ашиглалтад оруулжээ. Энэ зам нь тус дүүргийн 12-17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд таван метрийн өргөнтэй юм байна. Ингэснээр унадаг дугуй, скүүтертэй иргэд явган хүний бус, зориулалтын замаар аюулгүй зорчих боломжтой бүрдсэнийг дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайн хэсгийг тохижуулах ажлын хүрээнд үүнээс гадна 10 710 ам метр явган хүний зам тавьжээ.
Мөн 6150 ам метр газарт ногоон байгууламж бий болгож, 247 автомашины зогсоол барьж, ашиглалтад оруулсан аж. Нийтийн эзэмшлийн эл талбайг тохижуулах ажлыг өнгөрсөн оны долоодугаар сард эхлүүлснээ дуусгасан нь энэ юм байна. Уг хэсэгт өмнө нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объект байрлаж байжээ. Тэдгээрийг өнгөрсөн онд нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлснөөр нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах боломж бүрдсэн гэнэ. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, I хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавихаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч