Зургадугаар сарын 1 буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хаана, ямар арга хэмжээ болох талаарх мэдээллийг хүргэж байна.
- Сүхбаатарын талбай: “Дэлхийн Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм. Мөн талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.
Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнд:
- “Power expo” авто машины үзэсгэлэн
- Урлаг соёлын тоглолт
- Спортын зургаан төрлийн тэмцээн уралдаан
- “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
- E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
- Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
- Хүнс худалдаа үйлчилгээ
- Хүй 7 худаг: "Монгол хүү-2024" арга хэмжээ
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.
“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.
- Төв цэнгэлдэх хүрээлэн: “Kids Art Festival”
Хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг дэмжин хөгжүүлэх, зорилготой “Kids Art Festival”- ийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. “Kids Art Festival”-д хүрэлцэн ирснээр хүүхэдтэйгээ хамт зурж, будаж, хайчилж, урлах боломжтойгоос гадна урлагийн боловсрол олгох төрөл бүрийн байгууллагуудтай танилцах боломжтой аж.
- Тү Лэ Жүр: "Children's day event"
Чандмань салбар дээрээ 13.00 цагаас хүүхэд багачуудад зориулсан ивэнтийг зохион байгуулахаар болжээ. Хөтөлбөрт,
- Амталгаа
- Зургийн уралдаан
- Бэлэг дүүрэн хүрд
- Гэр бүлийн тэмцээн
- Бэлэгний үйл ажиллагаа зэрэг явагдах гэнэ.
- Ид шидийн орон: Чихрийн үнэтэй дурсамж 5 дахь жилдээ
Жил бүр олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтан ИД ШИДИЙН ОРОН төв дээр маш баялаг хөтөлбөртэй арга хэмжээнүүд болдог. Энэ жил ч өнгөрсөн жилээс дутахааргүйгээр сайн хөтөлбөр, сайн зохион байгуулалттай байхаар ажиллаж байна.
ИД шидийн орон төв тус бүр дээр нийт 12 өртөө ажиллана. Тайзны хөтөлбөр, загварын шоу, Ид шидийн орон төвүүдийн тайлан тоглолт, Open mic гээд хөтөлбөрөө баяжуулсаар байх болно.
- Сүхбаатарын талбай: "ШЕЛКУНЧИК БА ГАЙХАМШГИЙН ОРОН" медиа арт баллет
Эх үрсийн баярт зориулж Сүхбаатарын талбайд 21.30 цагаас "Шелкунчик ба гайхамшгийн орон" медиа арт баллетыг Олон улсын баллетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг уран бүтээлчид толилуулах гэж байна.