Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 11 жил болж буй. Энэ хүрээнд НЗДТГ-аас нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих ерөнхий чиглэлээр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.
Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг.
Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэнээс хойш Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, дараах есөн зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:
- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах;
- Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил тод байдлыг сайжруулах;
- Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар, бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Ардчилсан ёсыг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах;
- Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;
- Нийгмийн бүх бүлэгт төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой болгох;
- Ардчилсан нийгэмд нээлттэй өгөгдлийн соёл цогцлоох;
- Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн сэтгэл ханамжаар тогтмол дүгнэж, оролцоог нэмэгдүүлэх;
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн аж.