Энэ зун томоохон хэд хэдэн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор тов нь гараад буй. Ийнхүү олон тоглолт болдог хэдий ч тэр бүрдээ дотогш шингэн уух зүйлс оруулдаггүйг үзэгчид шүүмжилж байна. Тодруулбал, тоглолт руу нэвтрэхдээ авч орж буй ус, ундаа зэргийг нь зохион байгуулагчид хураадаг гэнэ. Жишээ нь, реппер ThunderZ-ийн “Нэг л өдөр”, “Опозит” хамтлагийн “Хамгийн сайхан нь” зэрэг тоглолтын үеэр дотогш нэвтрэхэд уух зүйлсийг хурааж авсан байна. Тэдгээр тоглолтын үзэгч “Би архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Гэтэл тоглолтын талбайд зарж байсан зүйлс нь голдуу согтууруулах ундаа. Ус, ундаа авъя гэхэд үнэ нь хэд дахин өндөр” хэмээсэн юм. Ийнхүү дургүйцлээ илэрхийлэх хүн олон байв.
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зуны зугаа” тоглолт өнөөдөр болно. Уг тоглолтын үзэгчид ч уух зүйлс авч орохгүй хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна лээ. Уг мэдэгдлийнх нь сэтгэгдэл хэсэгт хүмүүс дургүйцлээ илэрхийлсэн байлаа. Дотогш ус, ундаа нэвтрүүлдэггүй нь ивээн тэтгэгч байгууллагаа дэмжих хэлбэр гэнэ. Гэхдээ залуус нэг өдрийг дуу хөгжимд цэнгэн жаргалтай өнгөрөөхөөр зорин ирж байхад ийм үйлдэл гаргах нь зохисгүй гэдгийг олон нийт шүүмжилсээр байна.
Бэлтгэсэн А.Үүл