Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ашиглах сурах бичгийг хэвлэж дууссаныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сурах бичиг хэвлэх тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан бөгөөд уг ажлыг гүйцэтгүүлэхээр таван компанийг шалгаруулсан байна. Тэдгээр аж ахуйн нэгж бага, дунд, ахлах ангийн 124 нэр, төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэсэн аж. Дээрх ажлуудад улсын төсвөөс нийт 5.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл сурах бичгийг сургуулиудруу тээвэрлэн хүргэх ажлын тендерт “Монгол шуудан” компани шалгарсан аж. Тус компанийнхан гэрээний дагуу ирэх сарын 28 хүртэлх хугацаанд улсын хэмжээний ерөнхий боловсролын 791 сургууль тус бүрд шаардлагатай тооны сурах бичгийг нь тээвэрлэн хүргэх үүрэг хүлээх юм байна. Одоогоор хэвлэлийн компаниудаас сурах бичгийг татан авч байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд1.5 сая орчим сурах бичиг хэвлэсэн бөгөөд үүнд 4.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Бага ангийн сурагчид сурах бичгийг үнэгүй, дунд, ахлах ангийнхан нь түрээслэх журмаар ашигладаг.