Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-д холбогдох саналын хамт өргөн барьсан билээ. Нэгдсэнчуулганаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан байна. Уг төсөлд тусгасан заалт болон хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан өчигдөр мэдээлэл өгөв.
Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1 282 373 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний 36 363 нь хагас, 2911 нь бүтэн өнчин аж. Өнгөрсөн онд асрамжийн төвд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй 341, эцэг, эхдээ хаягдсан 29 хүүхэд амьдарч байж. Эрсдэлт нөхцөлд 203 хүүхэд амьдарч байснаас 175 нь хүчирхийлэлд өртсөн, хоёр нь хууль зөрчсөн, дөрөв нь шүүхээр шийтгүүлсэн, нэг нь гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн аав, ээж нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 21 хүүхэд асрамжийн төвд амьдарч буй гэнэ. Энэ талаар Ж.Хунан “УИХ-ын тогтоолын төсөлд тусгаагүй ч ХЭҮК-оос зайлшгүй анхаарч шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, хагас болон бүтэн өнчин хүүхдийн асуудлаар тусгайлсан бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хүүхдийн асрамж халамжийн төвийг төрөлжүүлэх нь чухал.
Манай улсад нийт асрамжийн 30 төв үйл ажиллагаа явуулж буй. Тэнд бүх насны хүүхдүүд хамт амьдардаг. Ойролцоо насны хүүхдүүдийг нэг доор байлгавал сурах болон бусад эрх нь зөрчигдөх эрсдэл буурна. Бүтэн өнчин 2707 хүүхэд албан ёсоор хэний хамгаалалтад буй нь тодорхойгүй, төрийн хараа хяналтаас гадуур амьдарч байна. Мөн шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хассан тохиолдолд хүүхдийн эрхийг бүрэн хангах ёстой. Хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах нь чухал байна. Жишээ нь, гэнэтийн осол, бусад байдлаар эцэг, эхээ алдсан хүүхдийн хөрөнгийг хамгаалах зохицуулалт байдаггүй. Шүүхийн шийдвэрээр зохицуулдаггүй учраас хүүхэд өмчтэй хэдий ч авч чаддаггүй.
Өмч хөрөнгөө алдсан тохиолдол ч бий. Хуульд бүтэн өнчин хүүхдийн талаар тодорхойлолт бий. Гэвч энэ тодорхойлолтод багтсан хүүхдүүд бүгд халамжийн үйлчилгээ авч чаддаггүй. Эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхдийг нь бүтэн өнчин гэж үздэг. Гэтэл хүүхдийн тэтгэмж олгохдоо эцэг, эх нь нас барсан гэдэг шалгуур тавьдаг. Тиймээс эцэг, эх нь сураггүй болсон, эрхээ хасуулсан хүмүүсийн хүүхдүүд мөнгөн тэтгэмж авч чадахгүй байна. Үүнээс гадна тэдэнд сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй хүргэх шаардлагатай. Эцэг, эхээ алдсан хүүхдүүд сэтгэл зүйн ноцтой гэмтэл авдаг” гэв.
Мөн тэрбээр хүүхэд үрчлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хөндсөн юм. Хүүхдийг үрчлүүлсний дараа холбогдох байгууллагынхан хяналт тавьдаггүй аж. Ямар нөхцөлд амьдарч буй нь ч тодорхойгүй гэнэ. Тухайн орон нутгийн Засаг дарга хуулийн хүрээнд хяналт тавих үүрэгтэй ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхдийн эрх, ашгийг хамгаалах шаардлагатайг онцолсон. Эцэг, эхийг нь ажил хийх боломжоор хангах, орон сууцын хөнгөлөлтөд хамруулах, асаргааны тэтгэмжийг бодитоор тооцох, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг хэлэв. Мөн бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарлаа хандуулах шаардлагатайг дурдсан юм.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 395 хүүхэд хохирчээ. Энэ он гарснаас хойш 169 хүүхэд уггэмт хэргийн золиос болсон байна. Өдөрт нэг хүүхэд ийнхүү хохирогч болж буй нь Монгол Улс ирээдүйгээ хамгаалж чадахгүй байгаагийн илрэл гэв. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах нь улс, хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хүн бүрийн үүрэг гэдгийг онцолсон. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсноо илчилсэн ч шүүхээр шийдвэрүүлсэн тохиолдол цөөн байна. Хүүхдийг дахин хохироохгүйн тулд ижил хүйсийн хүнээр тайлбар, мэдүүлэг авхуулах, богино хугацаанд хэргийг шийдвэрлэх шаардлагатайг зөвлөсөн юм.