“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан, 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уржигдар хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд, үл ялих зүйлээр шалтаглан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Тухайлбал, хэрэгт хоёр ширхэг си ди ирүүлээгүй хэмээн прокурорт буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болов.
Мөн нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус буюу хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж урьдчилан таамаглах байдлаар дүгнэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үзсэн юм.
Эл хэрэгт дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар тооцсон юм.