УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 48 цагийн хугацаагаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Түүнийг Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд “Монцемент” ХХК-ийн авсан 65 сая ам.долларыг зориулалт бусаар зарцуулж, АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмээн буруутгаж буй гэнэ.
Түүний хамаарал бүхий “Монполимет” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2022 онд болсон тус банкны зээлтэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголын үеэр эл аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн төслийг үр дүнтэй, сайн хэмээн үнэлж байсан билээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө сонгуульд нэр дэвшихээр санаархагчид мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Хөгжлийн банкны зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээснийг АТГ шуурхай “шүүрэн авч” хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэн нэгжлэг хийж, хэрэг бүртгэлтийн хэргийн холбогдогчийг албадан саатуулсан нь сонгууль угтсан улс төржилт, баривчилгаа гэж үзэх хүн олон байна. Үүнээс бусад тохиолдолд яллагдагчаар татагдсан хүнээ ч АТГ-ынхан цагдан хорьж хүчрэхгүй байх явдал бий атал ийнхүү саатуулсан нь нийгэмд талцал үүсгэж буй юм.