Багш бэлтгэх их сургуулийн дэргэд Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг нээлээ. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн сурлагын амжилтыг сайжруулахад тус төвийнхөн анхаарч ажиллах гэнэ. Кэмбрижийн болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд төвтэй сургалт зохион байгуулах аж. Тус төвийн сургалт, үйл ажиллагаанд амжилттай хамрагдсан багш, удирдах ажилтан суралцсан түвшнээсээ хамаарч гэрчилгээ, дипломтой төгсөх ба мэргэжлийн зэргээ ахиулж болох нь. Боловсролын байгууллагад нэгээс дээш жил ажилласан багш, удирдах ажилтан сургалтад хамрагдах боломжтой. Тодруулбал, Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв нь Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагатай хамтран багшийн мэргэжлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй аж. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг магистрын хосолсон, мөн англи хэл дээр боловсролын удирдлагын хөтөлбөрт хамруулахаар элсэлт авч эхэлжээ. Цаашид сургууль, цэцэрлэгт багшийн хөгжлийг дэмжих төвүүдийг нээх гэнэ.