Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд голын голдирол, татамд газар замбараагүй олгож, олон тооны барилга, байгууламж бариулснаас өнгөрсөн оны зун нийслэлийн төв хэсэг, зуслангийн бүс үерт автаж, иргэд , эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Усны инженер, мэргэжилтнүүд үүнийг нийслэлд сүүлийн 20 илд тохиогоогүй, нийгэмд их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл хэмээн тодорхойлсон бөгөөд бодлогогүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй гэж дүгнэсэн юм. Тодруулбал, хотын экосистемийг тэтгэгч томоохон голуудынхаа голдирол, татамд хаа хамаагүй халдаж, байгалийн аясаар урсах боломжийг нь хязгаарласнаас ийм явдал болсон гэж судлаачид үзсэн. Үүнтэй холбоотойгоор “Авлига” хороолол хэмээн алдаршсан “Акуа гарден” хотхон, “S’Outlets” дэлгүүрийн барилга, голын голдиролд тулгаж барьсан шатахуун түгээх станц, гүүр, гүүрэн байгууламж зэрэг хэд хэдэн объектыг буулгахаар шийдвэрлэсэн ч одоо хүртэл бүрэн нурааж жаагүй. Тэгвэл яг үүнтэй ижил эрсдэл дагуулж, нийслэлчүүдийг нийтээр нь хохироох барилгууд Ногоон нуурыг бүчсэн нь “Авлига” хорооллын балгийг үргэлжлүүлж болзошгүй байна.
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, олны мэдэхээр Баянбүрдийн тойрогтой хаяа залган орших Ногоон нуурыг 1985 онд байгуулжээ. Хуучин Баруун Сэлбийн голын татам байсан уг газрын өвөрмөц тогтцыг ашиглан, Дэнжийн мянга, түүний ойр тойрны уул толгодын сувгуудаар урсан орж ирэх үерийн усыг хуримтлуулж, хагшаасыг нь барьж тунгаах зорилгоор хөрсний усны түвшин доошлуулах далан бүхий байгууламжийг одоогоос 40 орчим жилийн өмнө бий болгосон аж. Дэнжийн мянгад байх Уулын, Ногоон гэгдэх нууртай үүнийг эндүүрэх тохиолдол элбэг. Гэвч энэ нь үерийн гамшгаас нийслэлчүүдийг сэргийлэх зориулалттай хиймэл байгууламж гэдгээрээ онцлог. Нэгэн цагт Ногоон нуур байгалийн гол, мөрөн шиг их усаар халгиж цалгисан, ойр орчимд нь шавж, шувуу элбэг дэлбэг, эгээ л Улаанбаатарын баянбүрд мэт онцгой орчинтой газар байж. Хотын төвийн иргэд салхилах, амарч зугаалах зорилгоор зорьж очих нь ч элбэг байсан гэх. Харин өдгөө энэ газрын эргэн тойрон барилга, байгууламжид битүү эзлэгдсэнээс ус хуримтлуулах талбайгүй болтлоо шахагдаж, улаанбаатарчуудыг үерийн эрсдэлээс хамгаалж чадахааргүй болжээ.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана “Ногоон нуур 2005 он хүртэл хангалттай хэмжээний эзлэхүүнтэй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хэдэн талаас нь шороогоор түрж, эзлэхүүнийг нь багасгаснаас үерийн ус хуримтлуулах орон зайгүй боллоо. Ногоон нуурын эзлэхүүн их байх тусмаа хотын төв хэсэг үерийн эрсдэл (Дэнжийн мянга орчмоос чиглэсэн)-ээс хамгаалагдана. Одоо ч тус байгууламжийн ойр орчимд олон барилга, байгууламж барьсаар байна” гэсэн юм. Харин “Эл жи акуа” компанийн зөвлөх, усны инженер Г.Баттөгс “Нийслэлчүүд Ногоон нуураа мартсан. Барилгын компаниуд хамгаалалтын даланд нь тулган хашаа татаж байгаад орон сууц бариад удлаа. Ус хуримтлуулах, үерээс хамгаалах байгууламж гэж хэлэхэд хэцүү, барилгын материалын хогийн цэг шиг хэсэгхэн газар л үлдсэн. Нуурын ойролцоо олон тооны барилга, байгууламж барьж, ус орж ирэх сувгуудыг нь хааж боосон. Ийм байдлаар явсаар нэг бол хогийн цэг болно, эсвэл барилгын компанийн мэдэлд очих байх” хэмээв.
Судлаач, мэргэжилтнүүдийн ийнхүү халаглахад хүргэсэн Ногоон нуурт өчигдөр очлоо. Нээрэн л өндөр барилгуудын сүр, хог, шороонд дарагдсан алга дарам газар үлджээ. Баруун талынх нь татам хэсгээр багахан хэмжээний ус туниа муутайхан урсаж байсныг эс тооцвол үерийн байгууламж гэж хэлэх, таних шинж тэмдэг ер алга. Үер, хур тунадасны усыг гадагш урсгах зориулалттай далан, шуудуу нь ч хэмхэрч, сүйджээ. Давчуу орон зайд шавааралдуулан барьсан, тэнгэр өөд өрссөн барилга эргэн тойронд нь өчнөөн. Оршин суугчдаа хүлээн авсан хотхон, хороолол ч олон, одоо барилгын ажил нь ид үргэлжилж буй нь ч цөөнгүй. “One family”, “Дөлгөөн Алтай”, “Lago verde”, “Цэнгэлтэй” гээд дурдвал нэлээд олон нэр бичихээр байна. Засгийн газрын бодлогоор БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тэнд “Ногоон нуур-1008” төслийн хүрээнд орон сууцын хотхон барьж буй. Хотын төвд, бүх үйлчилгээндээ ойр хэмээн барилгын компаниуд сурталчилж, худалдаж буй эдгээр орон сууцаас болж нийслэлчүүд их хэмжээний хохирол амсах нь цаг хугацааны асуудал болж. Ийнхүү итгэлтэй хэлж байгаа нь эдгээр барилга үерийн сувгуудаар дамжин орж ирэх усыг хуримтлуулах зориулалттай байгууламжийн орон зайд халдсантай холбоотой. Үүний балгийг нийслэлчүүд хэдийн амсаад эхэлсэн.
Энэ өвөл, хавар Сэлбэ гол дагуух хотын төв хэсэгт их хэмжээний халиа, тошин үүсэж, шар усны үерийн эрсдэл нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор НОК-оос эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоож, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ тогтмол хүргэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Сэлбэ голын усны түвшин сүүлийн 20-30 жилд ийм ихээр дээшилж, халиа, тошин үүсэх хэмжээнд хүрч байгаагүйг мэргэжилтнүүд тухайн үед хэлж байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга, “усны” хэмээх тодотголоороо нийгэмд танигдсан судлаач З.Батбаяр дүн өвлөөр хотын төвд хаа сайгүй халиа, тошин үүсэж, шар усны үерийн эрсдэл нүүрлэсэн нь нэгдүгээрт, өнгөрсөн оны зун болсон их үертэй, хоёрдугаарт, Ногоон нуур орчмын барилгажилттай холбоотой гэж мэдээлсэн юм. Тодруулбал, тухайн бүсэд төлөвлөлтгүйгээр хэт олон барилга барьж, хөрсний усны түвшин доошлуулах байгууламжийг нь сүйдэлснээс ийм эрсдэл үүссэн гэж дүгнэсэн. Тэгвэл цаашид энэ эрсдэл ихэснэ үү гэхээс лавтай буурахгүй. Учир нь тэнд ашиглалтад орох барилгууд ар араасаа “дугаарлаж” буй.
Ногоон нуур орчмын хөрсийг намаг, ус чийг ихтэй гэлцдэг. Тиймээс эл бүсэд барилга барьж буй компаниуд газар шорооны ажил хийх явцдаа хөрсний усыг их хэмжээгээр шавхаж, хулгайгаар урсгаж хаях зөрчил түгээмэл гаргадгийг албаны хүмүүс хэлж буй. Энэ нь мөн л Улаанбаатарын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, экологид их хэмжээний хохирол учруулдаг. Ийм орчинд барьж буй барилга, байгууламжид тодорхой хугацааны дараа суулт үүсэж, хөгцөрч, мөөгөнцөртөх эрсдэлтэй учир маш сайн төлөвлөж, тооцоолон, аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангах ёстойг ч мэргэжилтнүүд анхааруулдаг. Барилгын компаниуд бүгд ийм шаардлагад нийцэхүйц чанартай орон сууц барьж, зах зээлд нийлүүлэх нь юу л бол. Энэ тохиолдолд тухайн бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан иргэд ч үер усны гамшгаас урьтаад эдийн засгаараа хохирох эрсдэлтэй юм.
2023 оны зун болсон их үерийн дараа нийслэлийнхэн гэнэт ухаан орж, бужигнацгаасан. 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтнээс бүрдсэн багийнхнаар юуны түрүүнд “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г батлуулсан билээ. Үүнд “Улаанбаатар хот үерийн барилга, байгууламжаа даруй 1-2 дахин нэмэгдүүлж, 60 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн инженерийн шугам сүлжээгээ засаж шинэчлэн, өргөтгөх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг тусгасны дагуу өдгөө холбогдох албаныхан нийслэлийн хэд хэдэн байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих, голуудын урсац сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.
Энэ ажилтай холбоотойгоор Сэлбэ, Дунд гол дагуух 10 км газрын бургасыг нүүлгэн шилжүүлэхээр тооцоолсон нь олон нийтэд саяхан ил болж, нийгмийн сүлжээгээр нэг дуулиан тариад амжсан. Харамсалтай нь, нийслэлчүүдийг үер усны аюулаас аврах багийнхны төлөвлөгөөнд Ногоон нуурын байгууламжтай холбоотой ажил багтсангүй бололтой. Уг нь шинээр барилга, байгууламж нэмж барихаасаа урьтаад хуучин байгууламжуудаа өөд нь татаж, хамгаалах нь чухал юм сан. Энэ нь эрсдэлийг бууруулахад ч чухал нөлөөтэй. Ногоон нуурыг хамгаалан авч үлдсэнээрээ үерийн гамшгаас сэргийлээд зогсохгүй хотод нэн хэрэгтэй байгаа ногоон орон зайг бий болгож, орчны бохирдлыг бууруулах, гадаргын усыг хуримтлуулж, ашиглах боломжтойг ч инженер Б.Аюурзана хэлж байна. Даанч дүлий төр засаг, харалган албан тушаалтнууд нь мэргэжлийн хүмүүсийнхээ энэ мэт үнэ цэнтэй, хэрэгтэй санал, зөвлөмжийг хүлээн авахын оронд бургастай “дайн зарлаж” суугаа нь харамсалтай.