“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр 48 цагийн хугацаагаар албадан саатууллаа. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг бус мөрдөгч Дархан-Уул аймагт ажиллаж буй аж. Түүнийг эл үйлдвэртэй төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа гэнэ.
Г.Дугаржавын хувьд өмнө нь Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн захирал Д.Энхжаргалд холбогдох хэрэгт АТГ-т мэдүүлэг өгч, өдгөө шүүхэд иргэний хариуцагч болон дуудагдаад буй нэгэн. Тус сангийн дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүнээр Г.Дугаржав ажиллаж байхдаа хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгож, ШУТС-гаас нэг бус төсөлд хөрөнгө оруулалт олгуулах шийдвэр Д.Энхжаргалаар гаргуулсан хэмээн аудитын байгууллага дүгнэсэн байдаг.