Сурагчдын амралт ирэх сараас эхэлнэ. Хүүхдүүд гурван сарын амралтаа хэрхэн өнгөрөөж болох вэ. Энэ үеийг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжууд байна уу гэх мэт асуулт олон хүүхдэд бий байх. Үүнтэй холбоотойгоор сурагчдын амралтад зориулан зохион байгуулахаар бэлтгэж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл хүргэе. Бас амралтаа үр дүнтэй, хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлж болох зарим санааг танилцуулъя.
БАГА МӨНГӨӨР ДУРСАМЖ ДҮҮРЭН АЯЛЦГААЯ
Нийслэлээс орон нутаг руу галт тэргээр хямд үнээр аялахыг санал болгоё. Мөн галт тэргээр явахад аюулгүй байдал ч хангагдана. Хамгийн олон хүн зорин очдог аймаг нь Дархан-Уул, Орхон. Хэрвээ Дархан-Уул аймгийг зорих бол галт тэрэгний нийтийн хэсгээр хүүхдүүд 4100 төгрөгөөр зорчих боломжтой. Ингээд аймгийнх нь төвд буугаад Дархан-Уулын бахархал хэмээн нэрлэдэг дурсгалт газруудыг сонирхож болно. Тухайлбал, дүүжин гүүр, “Морин хуур” цогцолбор, “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн, Хүйтний голын Бичигт хад, Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч-хатан сүйх”, Дархан хайрхан уул, Бурхан багшийн сэрэг дүр зэрэг юм. Ташрамд дурдахад, аюулгүй байдлын үүднээс найз нөхдөөрөө, эсвэл асран хамгаалагчтайгаа аялаарай.
Дархан-Уул аймгаас цааш Сэлэнгийн дурсгалт газруудтай танилцах боломжтой. Тус аймгаар саяхан аялаад ирсэн хүнээс маршрутын талаар тодрууллаа. Тэрбээр “Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд суугаарай. Урьд орой нь суухад маргаашийнх нь 05.30 цагт Сэлэнгэ аймагт бууна. Өртөөний дэргэд “Дурсгалуудтай танилцуулна” гэсэн хүмүүс хүлээж байдаг. Сайханы хөтөл, Ээж мод, Тужийн нарс, Таримал нарсны ажиглалтын цамхаг, Алтанбулагийн чөлөөт бүс, Буур хээрийн тал, Оргихын булаг зэрэг үзэх газар олон. Эдгээрийг үзэхэд 150 000 төгрөг зарцуулсан. Урсгал зардал болох хоол хүнс, амрах газар зэргээ нарийвчлан тооцоолох нь чухал. Аяллаа тухайн өдөртөө өндөрлүүлээд, орой нь гэр лүүгээ буцна” гэсэн юм.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумд оршдог Хамрын хийдийг зорих боломжтой. Энэ нь Улаанбаатар хотоос 500 гаруй км-ийн зайтай. Галт тэрэгний нийтийн тасалгаагаар зорчиход хүүхэд 5400 төгрөг төлнө. Хамрын хийд нь Сайншанд хотын төвөөс 45 км-ийн зайтай. Эл хийд рүү хүргэх автомашиныг нэг хүний 25 000 төгрөгөөр Сайншандаас түрээслэх боломжтой. Үүнд ирж, очих үнийн дүн багтсан. Мөөм овоо, Энхтайвны хонх, Хилэнцийг арилгах алтан хаалга, Бирдийн ходоод, Бясалгалын агуй, Эхийн умай, Ноён хутагтын сэнтий, Хүслийн уул зэрэг дурсгал аяллын маршрутад багтжээ.
0-16 насны хүүхдүүдэд төрийн өмчийн бүхий л музей үнэгүй үйлчилдэг. Тиймээс найзууд болон гэр бүлээрээ музейд зочлох нь мэдлэг дүүрэн аялал болно. Түүхийн хичээлийнхээ хүрээнд уншиж судалсан зүйлсээ музейд очиж бататгаарай. Улмаар түүхийг илүү нарийвчлан судлахыг хүсэж мэднэ шүү дээ. Үзмэрүүд нь түүхийн хуудсыг эргэн сөхөх, тухайн цаг үеийн нийгмийн амьдралтай танилцах боломж олгодог.
СОНИРХОЛДОО НИЙЦСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЦАХИМ ОРЧНООС ОЛООРОЙ
Хоббиндоо нийцсэн үйл ажиллагаагаа олохоос гадна өөрөө үүсгэх ч боломж байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ та ном унших, аялах, дугуй унах сонирхолтой бол эдгээрийг хамт хийх найзуудаа Hamtdaa.net сайтаас олж чадна. Тус сайтад долоодугаар сар хүртэлх үйл ажиллагааны хэд хэдэн төлөвлөгөө нийтэлжээ. Тухайлбал, ирэх сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах өдөрлөг зохион байгуулах нь. Энэ нь зөвхөн дугуй унаж уралдах биш, шинэхэн найзуудтай болох боломж байж мэднэ. Магадгүй шинэ найзуудтайгаа өөрсдийн эвентийг үүсгэх ч юм бил үү.
Мөн ирэх сарын 7-нд болох “Азийн халтар дагина” эвент нь кино урлаг сонирхдог хүүхэд, залуусын зорин очих арга хэмжээнүүдийн нэг. Уг үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр богино контент хийх боломжтой. Уг эвентийг контент бүтээх сонирхолтой хүмүүст зориулан Hamtdaa.net цахим хуудсыг хөгжүүлэгчид зохион байгуулах аж. Хэрвээ танд камер байхгүй бол гар утсаараа бичлэг хийж болно шүү дээ. Үүнээс долоо хоногийн дараа ролик, ирэх сарын 21-нд скейтборд унаж сурах өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм байна.
50 000 төгрөгөөр “Хамтдаа загасанд явцгаая” аялалд оролцох боломжтой. Уг аялалд нас заагаагүй хэдий ч ахлах ангийн сурагчдад илүү тохиромжтой болов уу. Загасчлалын спортын “Хадран” клубийнхэн элүйл ажиллагааг Цонжин болдогийн орчимд байрлах “Алтан хариг” амралтын газарт зохион байгуулах аж. Гэр бүлийнхээ гишүүдтэй хамт уг аялалд оролцвол илүү сонирхолтой байх биз ээ.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БОЛНО
Цахим сүлжээгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломжтой. Тодруулбал, “Gobi burd-2023” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаарх мэдээллийг түгээх сайн дурын гишүүд хайж байгаа аж. Үүнд оролцсоноор байгаль орчны өнөөгийн байдал, шийдлийн талаар мэдээлэлтэй болно. 14 хоног тутамд гадаадын болон Монголын мэргэжилтнүүд цахимаар сургалт явуулах гэнэ. Сайн дурын гишүүдэд гэрчилгээ олгох аж. Бүртгүүлэхийг хүсвэл “Gobi burd” цахим хуудсаар нь холбогдоорой. Тавигдах шаардлага нь 16-гаас дээш насны, байгаль орчноо гэсэн сэтгэлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тодорхой мэдээлэлтэй байх зэрэг юм байна.
ТЭСВЭР ХАТУУЖИЛ ШАЛГАСАН АЯЛАЛТАЙ
Монголын скаутын холбооноос зохион байгуулдаг “Жембори” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нд дуусах нь. Уг хөтөлбөрийг скаут болон сонирхогч хүүхэд, залуучуудын майхант зуслан цугларалт гэж тодорхойлдог. Үүнд оролцсоноор шинэ мэдлэг эзэмшиж, сурч мэдсэнээ бусдад зааж сургах, гадаадаас ирсэн үе тэнгийнхэнтэйгээ танилцан нөхөрлөх боломжийг олгодог аж. Хөтөлбөрийн хүрээнд бараг л Монгол орныг бүтэн тойрох аялал болох нь ээ. Оролцогчид өдөрт найман цагийг аялж өнгөрүүлнэ. Отоглох цэгүүдэд майхандаа байрлацгаана. Долоодугаар сарын 22-27-нд зохион байгуулах эл хөтөлбөрт 12-17 насныхан хамрагдах боломжтой. Аяллын үнэ 500 000 төгрөг аж.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНООС 28 ТӨРЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ НЬ
Монголын хүүхдийн ордноос зуны сургалтынхаа бүртгэлийг эхлүүлжээ. Ингэхдээ морин хуур, хийл, дуулаач, драм, гар урлал болон хэлний сургалт зэрэг 28 төрлөөр элсэлт авах аж. Бүртгэлийн хугацаа маргааш эхэлж, ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ. Сургалтуудаа 5-наас эхэлж, нэг сарын турш хичээллүүлэх аж.
Зуслан бол хүүхдүүдийн зуны улиралд хамгийн их зорин очдог газар. Тэгвэл зарим зуслангийн энэ жилийн хөтөлбөрөөс танилцуулъя. Олон улсын “Найрамдал” зуслангийнхан зуны нэгдүгээр ээлжийн амрагчид болох 6-10 насныхныг ирэх сарын 3-наас хүлээн авах аж. Төлбөр нь 344 500 төгрөг юм байна. 7-12, 10-15 насныхны долоо хоног амрах үнэ 476 500 төгрөг. 12-17, 15-18 насныхан “Найрамдал” зусланд 10 хоног амрахад 694 500 төгрөг төлөх гэнэ. Зуны ээлжийн амрагчдыг энэ сарын 13-наас бүртгэж эхэлсэн. Сонирхсон хүүхдүүд nairamdal.mn сайтаар бүртгүүлэх боломжтой.
“Мөрөөдөл” зуслангийнхан нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 5-наас хүлээн авах гэнэ. Тус байгууллагынхан хүүхдүүдийн насны онцлогт тохирсон хөтөлбөрүүд боловсруулжээ. Тухайлбал, 12-17 насныханд урлагийн болон амьдрах ухааны, адал явдалт хөтөлбөр бэлдсэн гэнэ. Мөн үндэсний өв соёлтойгоо танилцах, олон улсын найзуудтай болох, сагсан бөмбөг болон хөл бөмбөгөөр хичээллэх зэрэг хөтөлбөр ч бий юм байна.
Англи хэлний сургалттай “English camp”-ийнхэн эхний ээлжийн амрагчдаа ирэх сарын 2-ноос хүлээн авах нь. Тус зуслан нь хүүхдүүдийн англи хэлний түвшнийг тогтоож, сургалт зохион байгуулдгаараа онцлогтой. Гэхдээ хүүхдүүдийг зөвхөн хичээл хийлгэх бус, хөгжөөнт тоглоом тоглож, багаар ажиллах чадварт суралцуулдаг аж. Нэг долоо хоног амрахад 495 000 төгрөгийн төлбөртэй байна.
НЭГ САРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЁ
Мөнгө төлөхгүйгээр дуртай зүйлсээ хийх боломжтой шүү дээ. Цахим сүлжээ ашиглан шинэ зүйл сурах, түүнийгээ туршиж болно. Нэг сарын төлөвлөгөө гаргаад түүндээ өөрийн хийхээс айдаг, сураагүй зүйлсээ багтааж болно. Оролдлого сайт оройд нь гэх үг бий. Оролдлого бүр амжилт дагуулахгүй ч туршлага болно. Шинэ зүйлсийн эхлэлийг тавина шүү дээ.
“Дахиад олдохгүй бага нас гэж
Дандаа хүмүүс ярьдаг юм
Эргээд хүүхэд болоосой гэж
Эмээ хүртэл хэлдэг юм” хэмээн “Бага насаа хайрлаж явъя” дуунд өгүүлдэг. Томчуудын хүсээд очиж чадахгүй нь бага нас болов уу. Тэрхүү хүслэн болсон бага насаа аз жаргалтай өнгөрөөх арга нь өөрийн дуртай зүйлсээ зоригтойгоор эхлүүлэх биз ээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн