Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхны хэргийг Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч өмгөөлөгч нараас шалтгаалж хойшлууллаа. Энэ компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2023 оны хоёрдугаар сард дээрх шүүхэд шилжүүлснээс хойш шийдвэрлэж чадалгүй өнөөг хүрч байна.
Хөвсгөл аймгийн Спортын ордонд өчигдөр эхэлсэн хуралд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын гурван прокурор, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209 хүн, тэдний тав, яллагдагч нарын зургаан өмгөөлөгч, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч болон шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглахаар 34 иргэн ирсэн байв. Гэвч яллагдагч Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн нар өмгөөлөгчдөөсөө татгалзан, шинээр өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулсан юм.