Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941 547 өрхийн 32.1 хувь нь буюу 302 237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг аж. Үлдсэн 29.7 хувь буюу 279 639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359 671 нь гэр сууцанд амьдарч байна.
Үүнээс нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216 989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдардаг аж. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлэх эрсдэлийг үүсгэжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц аж. Мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэх юм.
Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулна.