Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дарь-Эх, Дамбадаржаа орчмын үерийн эрсдэлтэй бүсэд 614 айл оршин сууж байна. Тэдгээр айлын 116 нь газар эзэмших зөвшөөрөлгүй буюу хууль бусаар оршин сууж байгаа гэнэ. Болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд дээрх гурван хороон дахь айлуудад нүүх шаардлага хүргүүлж эхэлснээ Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос мэдээлэв. Үүний хүрээнд холбогдох албаныхан дээрх айлуудын эд хөрөнгө, объектыг үнэлж, 15 байршил дахь 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөжээ. Харин айлуудын чөлөөлсөн газарт үерийн барилга байгууламж барих аж. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат энэ талаар “Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 255 айл өнгөрсөн зун үерт автсан. Энэ зун ч үер буух эрсдэлтэй учраас газар чөлөөлөх мэдэгдлийг айлуудад хүргүүлж байна” гэв.
Зөвхөн Баянзүрх дүүрэг бус, өнгөрсөн жил үерт автсан бусад газарт ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй гэнэ. Түүнчлэн үерийн эрсдэл, хариу арга хэмжээ авах хүчин чадлын үнэлгээг НОК-оос хийжээ. Эрсдэлийн хувьд дээр дурдсан гурван хороонд нөхцөл байдал хамгийн хүнд аж. Мөн үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал дутмаг гэсэн дүн гарсан. Тухайлбал, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал 68.5 хувьтай байгааг тогтоожээ. Тиймээс хүн хүчээ сургах, мэргэшүүлэх, техник хэрэгслээ сайжруулах шаардлага тулгарсан юм байна.
Бэлтгэсэн: М.Оч