Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор манай улс шинэ эх үүсвэр байгуулж, системийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч байна. Эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд шинэ эх үүсвэрүүдийг төрөлжүүлэн байгуулах, цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Төвийн нэгдсэн системд цахилгаан нийлүүлж, чадлын дутагдлаас сэргийлэх, эсвэл тодорхой бүс нутгийн хэрэглээг хангаж, импортын эх үүсвэрээс хараат болгох станцууд байгуулснаар эрчим хүчний салбар ачааллаас үүдэлтэй бэрхшээлүүдээс ангижирч, зовлонгүй болчих мэтээр ойлгуулж, ярьсаар байгаа юм. Гэвч бодит байдалд шинэ станц, байгууламж барихаас илүүтэй ноцтой асуудал тус салбарт нүүрлэсэн нь инженер, мэргэжилтнүүдийн толгойн өвчин болжээ. Энэ бол цахилгаан дамжуулах шугам сүлжээний элэгдэл, насжилт. Эрчим хүчний салбарынхан үүнийг “Шугам, тоноглолын элэгдэл” хэмээн ярьдаг юм билээ.
Жишээ дурдъя. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нийслэл болон Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Тэгвэл тус компанийн хариуцдаг төвийн бүсэд буй дэд станц, цахилгаан хуваарилах байгууламжийн 26.2 (736 ком), 0.4-35 кВ-ын агаарын шугамын 39 (2096.7 км), кабель шугамын 43 (964.4 км) хувийнх нь ашиглалтын хугацаа дуусан, элэгдэж хуучраад буй гэнэ. Шугам, тоноглол бүрээр насжилтыг нь тооцоход нийт хэрэгслийн 36 хувь нь элэгдсэн гэсэн дүн гарсан бөгөөд ойрын жилүүдэд энэ нь 60 хувь хүртэл өсөхөөр байгаа аж. ЦДҮС ТӨХК-ийн инженерүүд үүнд үндэслээд “Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад ашиглаж байгаа шугам, тоноглолын ачаалал жил ирэх тусам өсөн нэмэгдэж, горим ажиллагаанд хүндрэл үүссэн. Эх үүсвэрийн дэд станцад аваар саатал гарсан үед хэрэглэгчдийг өөр дэд станцаас тэжээх боломжгүй болсон” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад тоног хэрэгсэл үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн, тэр ч бүү хэл, шаардлагатай нөхцөлд өөр дэд станцтай холбож ашиглах ч боломжгүй болсон байна.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь аж төрдөг нийслэл Улаанбаатар хот, түүнтэй хаяа залгаа төвийн бүсийн аймгийн эрчим хүчний хангамжийн систем нь ийм доголдолтой байна гэхээр манай оронд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний аюулгүй байдал, эрсдэл хэр хэмжээнд буй нь баримжаалагдах болов уу. Хот, хөдөө гэлтгүй хаа сайгүй шугам, тоноглолын элэгдэл гаарсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр инженер, мэргэжилтнүүд хэлсэн юм. Энэ тохиолдолд хэчнээн шид чадалтай шинэ эх үүсвэр, байгууламж бариад хэрэглэгчдийг эрчим хүчээр хэвийн хангаж чадахгүй гэнэ. ЦДҮС ТӨХК-ийн инженерүүдийн дүгнэлт үүнийг баталж байна. Нэгэн инженер үүнийг зүрхний титэм судасны бөглөрөлтэй зүйрлэсэн. Титэм судас бөглөрснөөр зүрх шим тэжээл, хүчилтөрөгчийн дутагдалд орж хэвийн ажиллагаа нь алдагдаж, зогсоход хүрдэг шиг цахилгаан дамжуулах шугам сүлжээ элэгдэж муудсанаар эрчим хүчний хангамж хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрдэг гэнэ.
Олон улсад цахилгаан тасалдлын индекс гэх үзүүлэлт байдаг аж. Энэ нь тухайн улс оронд эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээ хэр зэрэг найдвартай, аюулгүй байгааг илтгэдэг бөгөөд цахилгаан тасарсан шалтгаанаас хамааран эрсдэлийн зэргийг нь үнэлдгээрээ онцлог. Манай улс энэ үнэлгээгээр буюу цахилгаан тасалдлын дундаж хугацаа, тохиолдлын тоогоор бүс нутагтаа төдийгүй дэлхийд дээгүүрт “давхисаар” иржээ. 2022 оны үзүүлэлтээр Японд цахилгаан тасалдлын дундаж хугацаа 0.2, Орост нэг, Америкт 1.3, Хятадад 2.2 байхад Монголд 15.3 цаг гарчээ. Монголд илүү олон удаа, урт хугацаагаар цахилгаан тасардаг, хэвийн байдалд оруултлаа уддаг гэсэн үг. 2023 онд гэхэд нийслэлийн хэмжээнд цахилгаан 1262 удаа тасарчээ. Үүний 667 буюу 52 хувь нь шугам, тоноглолын элэгдэл, гэмтлийн шалтгаантай бол үлдсэн нь байгалийн үзэгдэл, газар шороо, барилгын ажил, инженерийн шугам сүлжээний засвар зэргээс болжээ. Энэ тоо бас л нэг төрлийн “анхаарлын тэмдэг” болж байна.
Юуны түрүүнд цахилгаан дамжуулах шугам, тоноглолоо шинэчлэн сайжруулж, аюулгүй, найдвартай байдлаа хангах нь чухал гэдгийг инженер, мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд улиг болтол ярьж буй гэнэ. Эдгээрийн засвар шинэчлэлийг хариуцсан байгууллагынхан ч “толгой” газрууддаа энэ талаар байнга санал, дүгнэлт хүргүүлдэг аж. Харамсалтай нь, төр засаг үүнд хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөдөггүйгээс засвар шинэчлэлийн ажлыг бүрэн гүйцэд, үр дүнтэй хийж чаддаггүй, харамч хүн хоёр төлдгийн үлгэрээр жил болгон илүү зардал гаргасаар байдаг гэх. Олон улсын байгууллагууд ч манай улсын, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот дахь цахилгаан дамжуулах байгууламжууд чанар, стандартын наад захын шаардлага хангадаггүй, маш хэврэг учир байгалийн ямар нэгэн үзэгдэлд тэсвэргүйг анхааруулж ирсэн байдаг. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийн чадавхыг бэхжүүлэх төслийнхөө хүрээнд одоогоос 10 гаруй жилийн өмнө Улаанбаатарын цахилгаан түгээх байгууламж, дулааны шугам сүлжээнд “муу дүн” тавьж байсан юм. Газар зургаа болон түүнээс дээш баллын хүчтэй хөдлөхөд нийслэлийн нутаг дэвсгэрт буй цахилгаан дамжуулах шонгийн 20 орчим хувь нь эвдэрч, хөрсөнд булаатай байрладаг дулааны шугам сүлжээний ихэнх нь (80 гаруй хувь) дарагдаж сүйднэ, улмаар нийслэлчүүд богино хугацаанд сэргээн засах боломжгүй хэмжээний их хохирол амсаж, дүн өвлөөр нийтээрээ цахилгаангүй, халаалтгүй болох эрсдэл ойрхон байгааг япончууд сануулсан. Харамсалтай нь, манай улс үүний дагуу урьдчилан сэргийлэх ажил хийж, аюулгүй байдлаа хангаж чадаагүй. Тиймээс энэ эрсдэл нь жилээс жилд нэмэгдсээр одоо салбарын хэмжээнд тулгамдсан, тартагтаа тулсан асуудал болж халиад байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн зургаан гол сэргэлтийн нэг нь эрчим хүч. “Эрчим хүчний сэргэлт”-ийн гол зорилтуудын тэргүүнд “Эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан, хүчин чадлыг нь өргөтгөн нэмэгдүүлж, үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ” гэж тусгасан. Мөн Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод үүнтэй агаар нэг зорилго, зорилтуудыг тусгасан байдаг. Гэвч нидэр дээрээ эдгээрийн хүрээнд хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд шинэ эх үүсвэр байгуулах, дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөхөд л түлхүү чиглэжээ. Төсөвлөсөн хөрөнгө санхүүжилтийнх нь хэмжээ ч газар, тэнгэр шиг ялгаатай байх жишээтэй. Тухайлбал, “Эрчим хүчний сэргэлт”-ийн хүрээнд 2030 он хүртэл шинэ эх үүсвэр барих таван төслийг 9.1, цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төслийг 4.2 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг өргөтгөж, шинэчлэхэд 1.2 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж. Үүний чухам хэдээр нь дэд станц байгуулж, хэчнээнийг нь шугам, тоноглолын засварт зарцуулах нь бүрхэг. Энэ ажилд төсөвлөсөн санхүүжилтийг нэг дор шийдэж, олгох боломжгүй учраас үе шаттайгаар хуваарилан, засвар шинэчлэлийн ажлуудыг хийлгэх гэнэ. Тэгэхээр цаашид урьдын л адил хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар аргацаасан ажлууд хийнэ гэсэн үг. Цахилгаан хангамжтай холбоотой аваар саатлын эрсдэл өндөр хэвээр байх нь.
2040 он гэхэд Улаанбаатар хотын цахилгааны ачаалал одоогийнхоос 2.3, хэрэглээ 2.6, суурилагдсан хүчин чадал нь 4.8 дахин өснө гэж ЦДҮС ТӨХК-ийнхан тооцжээ. Үүнийг дагаад дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээнд ирэх ачаалал ч үлэмж ихээр нэмэгдэх гэнэ. Иймд нэн түрүүнд эрчим хүчний салбарт нүүрлэсэн далд бэрхшээл буюу шугам, тоноглолын насжилт, элэгдлийн “их хямрал”-ыг шийдэх ажлуудыг хийх нь чухал гэдгийг инженерүүд хэлж байна. Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Богдхан уулын Жаргалант, Зайсангийн ам, Гачуурт, Тахилт, Толгойт, Хойд Яармаг, Хадат, Ар гүнт, Ботаник, Налайх зэрэг байршилд ойрын хоёр жилд багтаан дэд станц байгуулах шаардлагатайг ч тэд сануулав.
Ташрамд дурдахад, нийслэл дэх цахилгаан хэрэглэгчийн тоо 2017-2021 онд жилд дунджаар дөрөв орчим хувиар өссөн бол 2022 онд 11.8, 2023 онд 9.9 хувиар нэмэгджээ. Жилээс жилд дээш цойлж буй энэ тоо ч бидэнд дамжуулах, түгээх сүлжээнийхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатайг анхааруулсаар байна.
Бэлтгэсэн Н.Мишээл