УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав сүүлийн жилүүдэд тархаад буй мэдээллүүд, мөн Х Богд тодорсонтой холбоотой асуудлуудаар энэ сарын 21-нд цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгөв. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд манай гэр бүл, миний үүсгэн байгуулсан “Монполимент” групп рүү чиглэсэн худал мэдээлэл, гүтгэлэг цөөнгүй гарч байна. Үүний шалтгаан нь манай гэрт өндөр үүрэг, хариуцлагатай Х Богд тодорсонтой холбоотой гэдгийг ойлголоо. Тиймээс анх удаа тайлбар хийж байна. Энэ бол бидний хувьд маш хариуцлагатай зүйл. Анх 2015 онд XIV Далай лам айлчилснаар манай гэрээс X Богд тодорч буйг мэдсэн. Гэсэн ч манай гэр бүлд үүнийг хүлээж авахад маш хүнд байв. Хүүхдүүд минь нялхаараа байсан шүү дээ. Манай гэр бүлийнхэн зургаан жилийн турш тэвчиж, хадгалж, хэнд хандахаа мэдэхгүй, аль болохоор нууж ирсэн. Гэсэн ч энэ бол дарагдаж болохгүй зүйл байлаа. Ингээд өнгөрсөн оны гуравдугаар сард Энэтхэгийн Дарамсалад XIV Далай лам X Богд тодорсныг зарласнаас хойш түмэн олон мэдэх болсон. Хүүгээ сургах, боловсруулах хүнд ажлыг манай гэр бүлийнхэн дангаараа үүрч явна. Энэ бол нэг гэр бүлийн хувьд ахадсан зүйл. Үүнээс шалтгаалаад л гүтгэлгүүд газар авлаа гэж харж байна” гэсэн юм.
Мөн Х Богдыг тодруулсан үйл явдалтай холбоотой тайлбар ч өглөө. Тухайлбал, “Х Богд тодорсон нь дан ганц нэг айлын бус, монголчуудын оюун санаа, зүрхэнд байдаг, хүндэтгэлтэй хандах үйл явдал. Тиймээс зөвхөн бидний санаачилгаар хүү минь Х Богдод өргөмжлөгдсөн гэж бодох нь өрөөсгөл юм. Бурхны шашны ийм том асуудлыг манайх шиг жирийн гэр бүл шийдэж чадахгүй. Харин манай гэр бүлийн зүгээс тусалж, дэмжих үүргээ л биелүүлэх гэж хичээж буй. Бидэнд хүнд хэцүү, дарамттай асуудал олон тулгардгийг анх удаа ам нээж хэлэх гэсэн юм. Бид маш өндөр үүрэг хариуцлага хүлээн авахдаа ямар нэг албан тушаал, өндөр сэнтий горилоогүй. Хүн бүгдийн адилаар үр хүүхдээ эрүүл саруул өсөөсэй гэж боддог энгийн нэгэн гэр бүл. Тиймээс биднийг ойлгож дэмжээсэй хэмээн ард түмнээсээ хүсэж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн