Эрх баригчид Улаанбаатарыг “20 минутын хот болгоно” хэмээн мөрөөдөх зуур ард иргэд нь харин зам дээр амьдрах шахаж байна. Дарга нарын пиар хэтрээд, нийслэл үнэхээр л “20 минутын хот” болчихсон мэт ойлгогдохоор хэмжээнд хүртлээ газар авчхаад буй. Гэхдээ энэ нь зөвхөн сонгуульд зориулсан сурталчилгаа. Харин бодит амьдралд Улаанбаатарыг 20 минутын байтугай хоёр цагийн хот гэж нэрлэхэд ч хэцүү байна.
Энэ долоо хоногийн даваа гаргаас эхлээд замын түгжрэл дийлдэхээ болив. Өөрөөр хэлбэл, өмнө нь голчлон өглөө, оройд буюу ажил эхлэх, тарах цагаар л түгжирдэг байсан. Харин одоо өдрийн цагаар, тэр бүү хэл, шөнөөр ч түгжирч, нөхцөл байдал улам хүндрэн, тэр хэрээр иргэд бухимдах боллоо. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаргийн өглөөнөөс эхлэн энхтайваны гүүрнээс урагш чиглэсэн хөдөлгөөн, түүнээс цааш Зайсан, уулын зам, Яармагийн замын ачаалал маш их байв. Яармагаас хотын төв рүү гарсан хүн дөрвөн цаг гаруй яваад ч зорьсон газартаа хүрээгүй байгаагаа хэлэв. Бас уулын замд осол гарснаас тухайн хэсэгт зорчиж явсан иргэд огт хөдлөлгүй цаг гаруй болж буйгаа хэлсэн. Түүнчлэн хотын төв хэсгийн замуудаар ч хөдөлгөөний ачаалал их учраас “Шаардлагагүй бол машинтай гараад хэрэггүй, алхах нь зөв” гэж иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэгэндээ зөвлөж байлаа.
Түгжрэл ийнхүү нэмэгдсэний учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхнөөс тодрууллаа. Тус төвийнхний мэдээлснээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж эхэлсэн нь түгжрэл ихсэхэд нөлөөлсөн гэнэ. Мөн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хонхны баяр болж байгаа нь замын ачаалал нэг шалтгаан болсон гэлээ. Үүнээс гадна бороо орсон нь ч нэрмээс болсон хэмээв. Бас нийслэлийн зарим хэсэгт зам засаж буй болон энд тэнд осол гарч байгаа нь ч замын хөдөлгөөнийг удаашруулсан гэх тайлбар өглөө.
Харамсалтай нь, энэ бүхнийг тоож, иргэдийн асуудлыг шийдье гэсэн сэтгэлтэй хүн холбогдох байгууллагуудад нь алга. Албаныхан замын түгжрэлийг мартчихсан мэт л байна. Дээд түвшний удирдлагууд нь ярихаас өөрийг үнэндээ хийдэггүй. Гэтэл хэчнээн гоёор ярилаа ч хүндрэл бэрхшээл шийдэгдэхгүй. Харин шийдвэртэй алхмууд, ажлууд л хэрэгтэй.
Тэгэхээр цаашдаа бид яах ёстой вэ. Эрх баригчдын гоё амлалт, элдэв “уянгын халил”-аас огт өөр орчинд Улаанбаатарын иргэд амьдарч, бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иргэдийг эд хөрөнгө, сэтгэл зүй, цаг хугацаагаар нь хамгийн их хохироож буй хүчин зүйл нь яах аргагүй замын түгжрэл болчихлоо. Хэдэн ээжид одон гардуулаад, бас ганц, хоёрхон сургууль хонхны баяраа тэмдэглэх улсын нийслэлийнх нь замын сүлжээ тэг зогсчихдог байх ёсгүй гэдгийг ойлгодог дарга ер нь байна уу.
Бэлтгэсэн М.Оч