Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна. Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Тэрэлж, Туул голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-10 см буурсан хэдий ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэжээ. Харин бусад голуудын хувьд өнгөрсөн хугацааны турш түвшний өөрчлөлт ажиглагдаагүй байна. Эдгээр голуудын арав хоногийн түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-45 см ахиу байгаа бол Ерөө, Сөгнөгөр, Хараа голын дагууд олон жилийн дунджаас 5-25 см бага байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-25 см тогтвортой буурсан бөгөөд өмнөх арав хоногтой харьцуулахад 50-150 см нэмэгджээ. Түүнчлэн Зэлтэр, Эг голын усны түвшин 15 см буурсан төлөвтэй. Орхон голын дагууд усны түвшин харьцангуй тогтвортой байсан хэдий ч Ус судлал Хөгшин-Орхон-Хархорин харуул орчимд хугацааны сүүлээр усны түвшин 10-40 см нэмэгдэж үерийн түвшинд хүрсэн байна. Арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс Орхон голын нийт уртын дагууд 15-40 см бага.
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-15 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хэрлэн голын эхээр 10-35 см ахиу бусад голуудын хувьд 5-20 см бага байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долоон нуур зэрэг голуудын усны түвшин энэ сарын 11-18 хүртэл 5-40 см нэмэгдэж, аажмаар буурсан ч Ус судлалын Булган-Булган, Үенч-Үенч харуул орчмоор үерийн түвшинг 10-50 см, Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Дээрх голуудын усны түвшин арав хоногийн дунджаараа олон жилийн дунджаас болон өмнөх оны мөн үеийнхээс 20-120 см ахиу байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд харьцангуй хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе олон олон жилийн дунджаас 10-45 см ахиу харин Онги, Зэгэстэй, Таац, Хүнгүй голын хувьд олон жилийн дунджаас 5-20 см бага түвшинд байна. Увс нуурын савын Чигж, Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх арав хоногт хэлбэлзэл багатай байсан ч Хариг голын усны түвшин хугацааны дунд үед 5-25 см нэмэгдэж үерийн түвшинг 25 см даван үерлэсэн. Увс нуурын савын Хариг, Тэс, Намир олон жилийн дунджаас 10-40 см ахиу Чигж, Хархираа, Түргэн, Баруунтуруун 10-70 см бага байна. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн Увс нуурын сав, Алтай нуруунаас эхтэй зарим гол мөрний усны түвшин хайлсан цас, мөсний нөлөөгөөр нэмэгдээд үерийн түвшинг давсан ч эргээд буурчээ.
Эх сурвалж: ЦУОШГ