Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд “Боловсрол дахь хиймэл оюун ухаан-2024” бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Боловсролын салбарын ирээдүйг тодорхойлоход хиймэл оюун ухааны гүйцэтгэх үүрэг болон сургалтын туршлагыг сайжруулах талаар энэ үеэр хэлэлцсэн юм. Хуралд Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ШУТИС-ийн Комьютерийн ухааны салбарын “Хиймэл оюун ухаан” хөтөлбөрийн дэд профессор Д.Золзаяа, “Google” корпорацын бүс нутгийн сургалт, нөлөөлөл хариуцсан удирдагч Кимберли Холл тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”, Багшийн туслах AI системийг танилцуулав. “И-Хүртээмж” системийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломж бүрдүүлж буй аж.
Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох, цахим сургалтын тоног төхөөрөмж, багш бүрийг компьютероор хангах, утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх, цахим анги байгуулах ажлын хэрэгжилтийн талаар салбарын сайд нь мэдээлэл өгөв.