Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хоёр орны ойн мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ойн түймрээс сэргийлэх, багаж төхөөрөмж ашиглах бэлтгэл сургуулилалт хийж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл талууд ойн түймрийн хяналтын систем бий болгох туршилтын ажлын хүрээнд 20 хүний бүрэлдэхүүнтэй, түймэр унтраах сайн дурын бүлгийг тус тосгонд байгуулжээ. Ингэснээр түймрийн эрсдэлийг тогтмол хянаж бууруулах, аюулт үзэгдэл гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрдэж буй аж. Төслийн зүгээс сайн дурын бүлгийн гишүүдийг шаардлагатай хувцас хэрэгслээр хангаад зогсохгүй тухайн бүс нутгийг хариуцдаг Сум дундын ойн ангид түймэр унтраах зориулалттай, жижиг оврын автомашин өгчээ.
“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.