НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (ЦТК)-оос бэлтгэн гаргадаг Даян дэлхийн газрын төлөв байдал ба Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлангийн албан ёсны нээлт өчигдөр боллоо. Эх газрын ихэнх хэсгийг эзлэх, өргөн уудам, байгалийн болон таримал бэлчээр нь хэт ашиглалт, зүй бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдрал зэргээс доройтож буй нь хүн төрөлхтний хүнсний хангамжид эрсдэл учруулж, олон тэрбум хүний амьдралын чанар болон амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг энэхүү тайлан сануулжээ.
Тус тайланд дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50 хувь хэдийнэ доройтсон хэмээн дүгнэлтээ танилцууллаа. Бэлчээрийн доройтлын шинж тэмдгүүдэд хөрсний үржил шим ба шимт бодисын хомсдол, элэгдэл эвдрэл, давсжилт, хүчиллэгжил, хөрс нягтрах зэрэг ургамал ургахад саад учруулах үйл явцууд хамаарна. Энэ бүгд ган, хур тунадасны хэлбэлзэл, газрын доорх ба дээрх биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг бий болгож буй юм.
Дээрх асуудал хүн амын өсөлт, хот суурин газрын тэлэлтээс үүдэлтэй хүнс, эслэг, түлшний хэрэгцээ хурдацтай нэмэгдсэнээр бэлчээрийг тариалангийн талбай болгох, бэлчээрийн даац хэтрүүлэх, бэлчээрийг эзгүйдүүлэх болон хэт ашиглалтыг дэмжсэн бодлого зэргээс үүдэлтэй.
Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр нь бэлчээр юм
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска "Даян дэлхийд малчид, мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд гээд хоёр тэрбум хүний амьжиргаа эрүүл соргог бэлчээрээс хамааралтай амьдарч байна. Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр болсон бэлчээрийн экосистемийн бүрэн бүтэн байдал нь биологийн олон янз байдлыг хамгаалж, хүлэмжийн хийг шингээн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан газрын доройтол нь үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар бэлчээрт түшиглэн амьдардаг малчдын амьжиргаанд аюул занал учирч байна. Үүнийг шийдвэрлэхэд малчдын оролцоог хангаж, уян хатан удирдлага, засаглалын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байна. Тус тайланд дэлхий дахинд бэлчээр ашиглалтын бүлгүүдийн сайн сайхан байдал, даван туулах чадварыг бий болгоход шаардлагатай үр дүнтэй яриа хэлэлцээрийг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ" хэмээв.