Нүүрс тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг “Би зэт би” гэдэг компанийн захирал Б.Батсуурийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Говьсүмбэр аймгийн төв дэх төмөр замын өртөөг түшиглэн гаалийн хяналтын талбай ажиллуулдаг, тэндээ ойр орчмынх нь уурхайгаас тээвэрлэсэн нүүрсийг буулгаж, вагонд ачуулахад оролцдог тус компанийн удирдлагыг Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” хэмээн яллагдагчаар тооцон шалгасан юм.
“Би зэт би” ХХК-ийн захирал Б.Батсуурь БНХАУ руу экспортолсон 19 тонн нүүрсний борлуулалтын орлого болох хоёр тэрбумыг 250 сая төгрөгийн татвар ногдох орлого гэж худал мэдүүлэн тайлангаа татварын байгууллагад гаргаж өгсөн хэмээн буруутгагдаж буй аж. Түүнд холбогдох хэрэгт Говьсүмбэрийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 235 хэрэгт яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсний дотор дээрх хэрэг багтсан юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч эмэгтэй албан тушаалаа урвуулан, иргэдийн дундын өмчлөлд эд хөрөнгө бүртгэж, гэрчилгээ олгон, давуу байдал бий болгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.