Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийн нэгээхэн хэсэг. ДЭМБ-аас ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг дунджаар есөн ам метр гэж тогтоосон байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийнх нь хэмжээ 16- 24 ам метр байдаг аж. Харин манай хотын хувьд 2022 онд ойролцоогоор 5.5 ам метр байлаа. Өдгөө ч энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй. Энэ онд хийх цэцэрлэгжүүлэлтийн ажлын явц, төлөвлөгөө болон Улаанбаатарын “бетон ой”-г хэрхэн ногоон төгөл болгон хувиргах боломжтойг сурвалжиллаа.
Нийслэлийн ЗДТГ-аас энэ оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” гэж зарласан. “Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлана. Мөн ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнчлэн Хүүхдийн паркийн тохижилтыг дуусган, иргэдийн амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн юм. Улаанбаатар хотын тохижилтын ажлуудыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дүүргүүдэд хариуцуулсан. Тухайн дүүргийнх нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хариуцаж буй гэнэ. Тэд хувийн компаниудтай хамтран ажиллаж, хянах болон бодлогоор хангах үүрэг хүлээж байгаа аж.
БУТ, СӨӨГӨӨ ХЭЛБЭРЖҮҮЛЖ ДУУСЖЭЭ
Улаанбаатар хотын төв хэсэг нь Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Тус дүүргийн төлөвлөгөө ямар байхаас нийслэлийн “зүрхэн хэсэг”-ийн өнгө үзэмж тодорхойлогдоно. Тэгвэл уг дүүргийнхэн энэ онд 108 500 бут, сөөг тарихаар төлөвлөжээ. Бут, сөөг тайрч хэлбэржүүлэх ажлаа хэдийн дуусгаад буй аж. Үүний дүнд 2325 улиас, 1107 бут, сөөгийг хэлбэржүүлсэн гэнэ. Тус дүүргийн тохижилтыг “Дэвшил менежмент” ОНӨААТҮГ-ынхан хариуцдаг аж. Сонгинохайрхан дүүргийнхэн идэвхтэй мод тарьж байна. Модоор дүүргээ “чимэглэх”-ээр шийдсэн бололтой. Үүнийхээ хүрээнд 18 000 модыг дүүргийнхээ айл өрхүүдэд өгчээ. Дүүргийнхээ гурван байршилд 2800 мод тарих зорилт тавьжээ. Мөн зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөөд байгаа аж. Сүхбаатар дүүрэгт бут, сөөг тэгшлэх ажил дуусаад буй бол Сонгинохайрханд үргэлжилж байлаа.
Багахангай дүүргийнхэн 2500 мод суулгажээ. “Нэг мод, нэг өрх” хөтөлбөрийнхөө хүрээнд тус дүүргийн тохижилтын үйлчилгээг хариуцагч “Багахангай гэрэлтүүлэг, ногоон байгууламж” ОНӨААТҮГ-ынхан иргэдэд зөвлөгөө өгч, суулгахад нь тусалж буй гэнэ.
ХАН-УУЛД ГУРВАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэгээс энэ онд цэцэрлэгжүүлэлтийн ямар ажлууд хийхийг тодрууллаа. Тэрбээр “Хан-Уул дүүргээс 2021-2024 онд “Эко, эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд энэ жил тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс гурав нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил юм. 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр гэр хороолол, орон сууцын бүсэд жимсний болон гоёл чимэглэлийн зургаан төрлийн 20 250 мод суулгахаар шийдсэн.
Эл ажил 70 хувьтай байна. Хотын суурьшлын бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тарьсан мод, бут, сөөгөө арчлах нь чухал. Хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүрэгт шилжүүлснээр нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгийн 29.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгааг мэргэжлийн 10 байгууллагад хариуцуулж, хяналт тавьж буй. Арчилгаатай талбайн хэмжээг цаашид нэмэгдүүлэхээр зорьж байна. Хан-Уул дүүрэгт 2021 онд явуулсан тооллого судалгаагаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 7.9 ам метр байсан. Өнгөрсөн жилийн эцсээр 1.3 ам метр талбайгаар нэмэгдлээ. Энэ онд ногоон байгууламжийн судалгаа, мэдээллийн санг шинэчлэхээр ажиллаж байгаа” хэмээсэн юм.
Дүүргүүдийн энэ оны төлөвлөгөө нь мод тарихад чиглэж буй аж. Хэрвээ ногоон байгууламж, цэцэрлэг барих гэж буй бол судалгаа, шинжилгээнд үндэслэх хэрэгтэй. Үүнийг хариуцдаг мэргэжилтэн нь ландшафтын архитектор юм байна. Гэтэл дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст энэ төрлийн мэргэжилтэн алга. Тиймээс тендер зарлаж, мэргэжлийн байгууллагуудаар нь хийлгэдэг гэнэ. Ландшафтын архитектор нь дизайны шинэ загварыг зураглаж, олон улсын болон дотоодын ногоон хөгжлийн төлөвлөлтийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан шинжилдэг. Үүнийхээ үндсэн дээр тухайн талбайд тохирох зураг төслийг боловсруулдаг аж. Ландшафтын архитекторыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафт архитектурын тэнхимд бэлтгэдэг юм байна.
С.УЛААНХҮҮ: МӨНХ НОГООН МОД ТАРЬСНААР ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ УДААН ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ
“Люксландшафт” компанийн гүйцэтгэх захирал, ландшафтын архитектор С.Улаанхүүгээс ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх боломжтойг тодрууллаа.
-Нийслэлд ногоон байгууламж бий болгох гэхээр зай талбай бараг байдаггүй. Үүнийг шийдэх боломж бий юү?
-Боломжтой. Хууль бусаар хувьд шилжүүлсэн газрыг төрийн мэдэлд буцаан авч, тухайн газарт ногоон байгууламж байгуулах боломжтой. Хот, суурин гэдэг нь олон хүний эрх ашгийг хамардаг. Дэлхийн томоохон хотууд ч ийм тогтолцоогоор хөгжсөн байдаг. Хотын ерөнхий төлөвлөгөө бол хөгжлийнх нь амин чухал хэсэг. Үүнийг хөгжүүлж чадах туршлагатай мэргэжилтнүүд манайд бий. Тэдний мэдлэг чадвар, туршлага, зөвлөгөөг хөрсөн дээр буулгах нь л чухал байгаа юм.
-Цэцэрлэгжүүлэлтийг жил бүрийн хавар хийдэг. Энэ нь аравдугаар сар гэхэд л гундчихдаг. Хотыг ногооноор нь удаан “барих” арга нь юу вэ?
-Хотын ногоон байгууламжид түлхүү мөнх ногоон шилмүүст мод тарьснаар өнгө үзэмжийг нь удаан хадгалах боломжтой. Навчит мод, сөөгүүд нь 5-10 дугаар сар хүртэл навч, цэцгийн өнгө үзэмжээрээ хотыг чимдэг. Шилмүүст мод нь жилийн дөрвөн улирлын турш ногоон масстай байдаг. Энэ нь цэцэрлэгийн өнгө үзэмжийг гундаахгүй байж чадна. Шилмүүст мод үржүүлж нутагшуулах, ургалтыг сайжруулах шаардлагатай. Одоогоор манайд хамгийн сайн ургаж байгаа мод нь шинэс юм.
-Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийнэ гэхээр л бут, сөөг тэгшилж, замын хажууд цэцэг тарьчихдаг. Эдгээр нь ногоон байгууламжийг бий болгох шийдэл мөн гэж үү?
-Шууд утгаараа бол тийм. Гэхдээ манайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн хөгжлийн түвшин доогуур байна. Хотын ногоон байгууламжтай хамт ландшафт архитектурын урлаг зайлшгүй хөгжих ёстой. Барилгын архитектуртай уялдсан дизайны цогц шийдэл бүхий ногоон байгууламжийг бий болгосноор хотын өнгө үзэмжийг сайжруулна. Ингэснээр амьдрах тав тухтай орчин нөхцөл бүрдэх юм. Цаашлаад олон улсын харилцаа, аялал жуулчлалын салбарт хөгжил авчирна шүү дээ.
-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Улаанбаатар хотод дуу чимээний бохирдол 2021 оны байдлаар 80-90 дБ байлаа. ДЭМБ-аас чихэвчний хөгжмийг 85 дБ-ээс хэтрүүлэх нь сонсголоо алдах эрсдэлтэй гэж үздэг. Орчны дуу чимээний бохирдол нь сонсголоо алдахаас гадна нойргүйдэл, стресс, ажлын бүтээмжтэй шууд хамааралтай. Үүнээс сэргийлэх гаргалгаа бидэнд бий. Ногоон байгууламжаа сайжруулбал дуу чимээний бохирдлыг 40 хувиар бууруулах боломжтой. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нь дуу чимээний, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийднэ гэсэн үг. Мөн хүн амын аз жаргалын индексийг сайжруулъя гэвэл зайлшгүй ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
16 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэг байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Үүнийгээ ч тухайн ондоо багтаан дуусгасан гэнэ. Уг ажлын хүрээнд сагсан бөмбөгийн болон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг шийдсэн байна. Эдгээр нь хотын зах хэсгээр байрладаг. Баянгол дүүрэгт хоёр, Хан-Уулд гурав, Баянзүрх болон Сонгинохайрханд тавыг, Багануурт нэг гээд нийт 16 бичил цэцэрлэг байгуулжээ. Тохижуулсан талбайн хэмжээ нь хамгийн багадаа 200, ихдээ 8000 ам метр юм байна.
Хувийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж буй.
Тухайлбал, KFC-гийнхэн 10 жилийн ойгоо тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1.1 га талбайг тохижуулж байна. Мөн “Их засаг” олон улсын их сургуулиас “Их засаг” хуулийн нэрэмжит талбайдаа орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн техник, технологи, загвар дизайн, ногоон байгууламж бүхий соёл, амралтын хүрээлэн байгуулжээ. Уг хүрээлэнгийн нээлт маргааш болох аж.
Түүнчлэн “Рио тинто” компанийнхан Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 10.2 га талбайг тохижуулах ажлыг энэ жил эхлүүлсэн. Тэд гурван жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах зэргийг хариуцах гэнэ.
Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөгөөний хүрээнд 120 сая мод тарих аж. Эдгээрээс нийслэлийн ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая мод тарих гэнэ. Ингэснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2030 онд 30 ам метрт хүрнэ гэж тооцоолжээ. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж буй нь сайшаалтай. Гэвч Улаанбаатар хэмээх цементэн хот уг зорилтдоо хүрэх нь сорилт хэвээр л байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн