Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тэрбээр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласан” гэдгийг онцоллоо. Мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг дурдав. “Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэ олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буй”-д НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дурдав.