Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд зарлаж, гуравдугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, энэ сарын 3-нд нээх байсан ч оролцогч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 хоногоор хойшлуулсан гэнэ. Ингээд өчигдөр 14.10 цагт хоёрдугаар шатны тендерийг нээлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг үүний талаар “Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр шатанд Монгол, Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос гэсэн 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн. Тухайн 20 компанийн ирүүлсэн саналыг техникийн тодорхойлолтод тусган, ажлын даалгаврыг боловсруулж, хоёрдугаар шатны тендерийг зарласан юм. Үүний дагуу хоёрдугаар шатанд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага материалаа, үнийн саналын хамт ирүүллээ. Тэднээс нэг нь тендерийн баталгаа ирүүлээгүй байна. Үнэлгээний хороо дээрх дөрвөн байгууллагын техникийн тодорхойлолт, ажлын даалгавартай танилцаж сонгон шалгаруулалт явуулна. Шалгарсан компани Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг шинэчилнэ. Түүнчлэн төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа, эсэхийг хянаж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэнэ. Үүний дараа метро барьж байгуулах этгээдийг сонгон шалгаруулах тендер зарлахаар төлөвлөсөн” гэв. Сонгон шалгаруулалт амжилттай болбол ирэх намраас метро барьж эхэлнэ гэдгийг тэрбээр хэлэв.
Ташрамд дурдахад, метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км үргэлжлэх нь. Үүнээс 6.6 км-ийг нь газар доогуур хийх гэнэ.