Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн одонгоо авсан юм. Нийслэлийн хэмжээнд бүх ээжийг ийн дүүрэг, дүүргээр нь Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд урьж, Төрийн тэргүүн одонг нь гардуулдаг уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга тогтоосон гэхэд болно. Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө орон нутагт ажиллан, зарим аймгийн ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.
Хүн амаа өсгөж, ард түмнийхээ хөгжил, дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд өчигдрийн ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж, хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас тэдний ач гавьяаг Монголын төр алдаршуулан бахархдаг уламжлалтай хэмээн онцлов. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тэрбээр дуулгалаа. Өдгөө “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд 200, II зэргийн одонтой бол 100 мянган төгрөг өгч буй.
Энэ жил улсын хэмжээнд 11 294 ээж эл одонг хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-гаар өсжээ. Одонгоо гардаж байгаа “алдарт эхчүүд”-ийн олонх нь 34-38 настай гэнэ. Харин хамгийн залуу нь 21 настай аж.
Бэлтгэсэн Б.Уран