Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн удирдлага хууль зөрчин суралцагчдын тэтгэлгийг бусдад олгосон гэх хэрэгт холбогджээ. Тус төвийн захирал И.Жанболат, сургалтын албаны арга зүйч Е.Керим, Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, иргэн Х.Нигмет нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллагдагчаар тооцон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна. Тэд хамтран МСҮТ-д суралцагчдад өгдөг тэтгэлгийн 22 сая төгрөгийг хууль бусаар бусдад олгосон хэмээн буруутгагдаж буй юм. МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн регистрийг давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөг завших оролдлого хийснийг Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022 оны наймдугаар сард ил болгосон талаар мэдээлж байв. Үүний хүрээнд шалгасан хэргүүдийн нэгд ийнхүү яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Мөн өдрүүдэд эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдуулан объектод нэгжлэг хийжээ.