БНСУ-ын “Дэү” компаниас хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явуулж эхэлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хийхээр товлоод байсан юм. Гэвч нэг бус өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болсноос ирэх сарын 17-ныг хүртэл хойшлуулав. Тодруулбал, Нийтийн тээврийн газрын инженер асан Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай БНХАУ-д эмчлүүлж буй учраас хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлж хойшлуулах хүсэлт гаргасан бол тус газарт ажиллаж байсан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогтын ар гэрт гачигдал гарсан байна.
“Ногоон автобус”-ны гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөхийн албан тушаал хашиж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч байсан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэ-бат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүнийг яллагдагчаар татсан билээ. Прокуророос тэдэнд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.
Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, БХБЯ-ны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байсан М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хэлэлцэхээр товлосон ч бас л хойшлуулжээ. Тэднийг бүлэглэн албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 14.9 тэрбумгаруй төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 177 иргэн, тэднээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 хүний материалыг “Түрээсийн орон сууцын корпорац” ТӨҮГ-т хүргүүлэх чиглэл өгсөн гэх хэрэгт холбогдсон билээ.