Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, юмсыг шинэ өнцгөөс харахад тусалдгаараа онцлогтой. Ном уншсанаар мэдлэгийн цар хүрээ тэлж, бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, оновчтой сонголт хийж, шийдвэр гаргахад тусалдагтай маргах хүн үгүй биз. Тэгвэл 35 дахь удаагийн үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар нийслэлийн төв талбайд үргэлжилж байна. Энэхүү баярыг манай улс тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Зохиолч, хэвлэн нийтлэгчид шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож, уншигчидтай гаа уулзаж, ярилцах боломж бүрддэгээрээ эл баяр онцлогтой. Зөвхөн зохиолчид төдийгүй уншигчид ч хүлээдэг үндэсний томоохон баярын нэг юм.
Энэ жилийн номын баярт орон нутаг төдийгүй олон улсын ном, кино зохиолчид өргөнөөр оролцож буй аж. Гадаад, дотоодын олон уран бүтээлч уг баярыг зорин ирж, гурав хоногийн турш номын ертөнцөөр аялж буй нь үндэсний хэмээх тодотголтой эл баярын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйг илтгэх мэт.
Номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Сувд “Энэ удаагийн номын баярыг Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэг өдрөөр хойшлуулж, нээлээ. Номын баярыг зорин ирсэн уншигчид Парламентын номын сангаар зочилж, монгол төрийн түүхийн тухай ном, судар, судалгаа, бичгийн соёлын үнэт сан хөмрөгтэй танилцах боломжтой. Түүнчлэн өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна. Учир нь өнгөр сөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Номын соёлт ертөнц” болон “Азтай савар” төрийн бус байгууллагаас хамтран амьтдын тухай 50 номын жагсаалтыг гаргаж байгаа” гэв. Түүнчлэн жилээс жилд энэхүү баярыг хүлээх зохиолчид, уншигчийн тоо эрчимтэй нэмэгдэж буйг тэрбээр онцоллоо.
Баярын үеэр ном худалдахаас гадна олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж буй. Тухайлбал, уншигчдын дундах нээлттэй караоке, хуучин номоо шинээр солих өдөрлөг болон “Азтай савар” төрийн бус байгууллагаас “Ганган савар” уралдаан зохиосон юм. Уралдааны үеэр амьтанд хайртай залуус тэжээвэр амьтдаа хувцаслаж, загварын шоу үзүүллээ.
Зохиолч ном худалдан авч буй хүмүүст зориулан гарын үсгээ зурлаа
Алимны бор хайрцгийг номоор бараг дүүргэчихсэн, нэг асраас нөгөөрүү алхах Н.Ганхуягаас энэ жилийн баярын онцлогийг хэрхэн тодорхойлохыг нь сонирхлоо. Тэрбээр “Би Дорноговь аймгаасирсэн. Жил бүрийн номын баярыгалгасалгүй оролцдог. Үндэсний номын баярын өдөр хүндэлж, биширдэг, зохиолыг нь дурлаж уншдаг зохиолчидтойгоо уулзаж, гарын үсгийг нь авах боломж олгодог. Бас хэрэгтэй номуудаа хямд үнээр худалдан авч болно. Мөн иргэдийг соён гэгээрүүлэхэд номын баяр чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс номын баярыг орон нутаг, аймаг, сумуудад өргөжүүлэн зохион байгуулах нэн шаардлагатай. Өнөө үед хүмүүс номын дэлгүүр, номын санг зорин очиж үйлчлүүлэх нь багассан. Бассан хүүгийн боломж хомс учраас ном худалдан авч чаддаггүй хүн цөөнгүй. Харин баяраар уншигчид ямар нэгэн байгууллагын нэмэгдэл хөлс шингээгүй үнээр хүссэн номоо худалдан авч болно. Эсвэл хуучин номын худалдаанаас хамгийн хямдаар авах боломжтой. Манайхан хоол идэхдээ мөнгө харамладаггүй хэрнээ оюуныхаа “ходоод”-ыг хоолоор дүүргэхдээ мөнгөө харамладаг нь ажиглагддаг. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, энд хамгийн хямддаа 1000 төгрөгийн үнэтэй хуучин ном байна. Шинэ, хуучин гэж ялгалгүй л аваад унш. Үүний дараа амьдралыг чинь өөрчлөх зүйл хоол биш, ном байсныг ойлгох болно” хэмээв.
Номын баярт оролцогчдын хүрээ жилээс жилд тэлсэнтэй холбогдуулан энэ жил асрын тоог 250 болгон нэмжээ. Ногоон дээвэртэй асруудад ихэвчлэн байгууллагууд байрлаж ном худалдаж байлаа. Үүнээс гадна үндэсний хувцасны брэндүүд болон “Хээрийн цай” гэх мэт иргэдэд үйлчлэх газар ч байрласан байх аж. Харин төв талбайн голд орших улаан дээвэртэй асарт уран бүтээлчид өөрсдийн зохиосон болон орчуулсан олон төрлийн номоор уншигчидтайгаа мэндчилж буй харагдана. Түүнчлэн гадаадаас утга зохиолын “Introtema”, “Andrew Nurnberg as-soсiates” компанийн төлөөлөгчид урилгаар оролцож буй. Ингэснээр олон улсын зуучлагч агентлагуудтай манай зохиолчдыг холбох үүд нээгдэж байгаа аж. Монголын номын зах зээлийг дэлхий нийтэд таниулах, олон улсын утга зохиолын агентлагаас эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах болон оюуны өмчийн хуульчдаас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойг зохион байгуулагчид онцолж байв.
Энэ удаагийн үндэсний номын баярт ихэвчлэн зургаагаас дээш удаа оролцож буй зохиолч, хэвлэн нийтлэгчид цугларчээ. Тэд нэг асрыг гурав хоногийн турш түрээслэхэд 850 мянган төгрөг төлдөг. Зарим номоо асрынхаа гадна хайрцагт хийж худалддаг. Ингэснээр уншигчдын анхааралд илүү хүрч, зарагдах магадлал нэмэгд дэггэв. Мөн оролцогчид нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар сайжирсныг номын худалдаачид онцоллоо.
Номын худалдаачид зарим номоо асрынхаа гадна, хайрцагт хийж борлуулдаг
Чингисийн хөшөөний чанх урд байрлах зохиолч Ө.Үлэмжтөгсийн асраар ихэвчлэн оюутан, залуус зочилж буй харагдана. Тэрбээр “Номын баярын зохион байгуулалт эрс сайжирч байна. Өмнө нь тэр зохиолч, эсвэл тэр ном хаана байна гэж хайсаар цагалддаг байсан. Харин одоо хаана юу байгаа нь ойлгомжтой. Зохиолчид өөрсдийн гэсэн тогтсон байршилтай болсон нь олзуурхууштай” гэв. Ө.Үлэмжтөгс сүүлийн долоон удаагийн номын баярт уншигчийн хувиар оролцжээ. Харин өдгөө тэрбээр зохиолчийн хувиар асартаа шинэхэн уран бүтээлүүдээрээ хүрээлүүлэн сууж байх аж. Түүний номууд ихэвчлэн 15-20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сэтгүүл зүйн тухай “5W1H” гэх жижигхэн шар ном уншигчдын анхаарлыг ихэд татаж буй харагдана.
Дээрх асрын чанх ард энэхүү баярт гурав дахь жилдээ оролцож буй, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар төвхнөжээ. Тэрбээр “Манай монголчууд тодорхой сэдвийн хүрээнд шимтэн уншдаг болсныг өнөөдөр анзаарлаа. “Бид номын дэлгүүрт номоо 35 хувийн нэмэгдэлтэй үнээр худалддаг. Харин номын баярт оролцсоноороо ямар нэгэн нэмэлт үнэ шингээхгүйгээр номоо уншигчдадаа хүргэх боломж бүрддэг. Хамгийн гол нь үнэ өртгийн асуудал бус, ном гэдэг зүйл уншигчдад хүрэх учиртай. Би номуудаа 40-80 мянган төгрөгөөр борлуулж байна” гэв. Энэ удаагийн баяраар ху далдаж буй номуудаас хамгийн хямд нь 1000, хамгийн үнэтэй нь 480 мянган төгрөгийн үнэтэй.
Улаан дээвэртэй асруудын баруун жигүүрт хамгийн бяцхан зохиолч Б.Бэрх бий. Тэрбээр аав, ээжтэйгээ хамт номын баярт оролцож байв. Б.Бэрх өөрт тохиолдсон хөгжилтэй явдал, гунигт дурсамжууд, бас хэнд ч хэлээгүй нууцаа хуваалцсан “Бэрхийн яриа” номоороо номын баярт оролцож буй юм. Түүний ээж, зохиолч Г.Уянга “2019 оноос хойш номын баярт оролцож байна. Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, улам эрх чөлөөтэй болж байна. Зохиолчид уншигчидтайгаа тав тухтай уулзах боломж олгож буйгаараа эл баяр онцлогтой. Түүнчлэн чөлөөт, энтертайнмент арга хэмжээнүүдийг номын баярын үеэр зохион байгуулж буй нь сонирхолтой санагдлаа. Мөн хүмүүс гэр бүлийнхээ төсөвт номын мөнгө тусгаж оруулдаг болсны гэнэ жил анзаарлаа. Номын сангүй айл хоосон, тохь тухгүй мэт санагддаг. Тиймээс айл болгон номын сантай, ном уншдаг байгаасай гэж хүсдэг. Би ч тэрхүү номын санд нь тохирох ном бичих чин хүсэлтэй. Манай гэр бүлийн хувьд ном бол хобби, мөн бизнес. Хоббигоороо бизнес хийнэ гэдэг нь хамгийн сайхан, аз жаргалтай амьдрал юм. Бид улс төр, нийгмийн чиглэлээр ажилладаг хүмүүс учир илүүтэй нийгмийн оюун санааг өөр түвшинд гаргахыг зорьсон, үзэл санааны суурь болсон номуудыг хөрвүүлж, орчуулж олны хүртээл болгодог” хэмээн онцоллоо.
Номын баяр өнөөдрийг дуустал үргэлжлэх тул номд дуртай, дээдэлдэг уншигчдыг төв талбайг зорин ирэхийг зохион байгуулагчид уриалав.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн