УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүн явуулж буй билээ. Тэд 26 жилийн өмнө хэргийн газраас олдсон эд мөрийн баримтуудын нэгэнд нь АНУ-д ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ хийлгэжээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Энхтөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрүүгийн 830142 дугаартай, С.Зориг нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-нд хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд дотроос АНУ-ын шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэсэн шинжилгээний хариу ирсэн. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа энэхүү ДНХ-ийн шинжилгээний мэдээлэл шинээр тогтоогдож байна. Энэ мэдээллийг шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг ашиглаж, хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг бидэнд олгож буйгаараа ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байгаа юм. Энэ ДНХ-ийн мэдээлэл нь дээрх хэрэгт холбогдон өмнө шалгуулж байсан бусад хүнийхтэй тохироогүй. Иймд тус ДНХ нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэв.
Өөрөөр хэлбэл, 26 жилийн өмнө хэргийн газраас олдсон баримт хэрэгт холбогдон шалгуулж байсан олон хүний хэнийхтэй нь ч тохироогүй аж.