Дэлхийн банкнаас 2022 онд манай Засгийн газраас төслийн хөрөнгөөс үр ашиггүй зарцуулсан 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэн байжээ. Өөрөөр хэлбэл, тус банкнаас санхүүжүүлсэн төслүүдийнхээ үр дүнд шинжилгээ, дүгнэлт хийгээд, энэ хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болохыг тогтоож, буцааж авахаар хандсан нь Засгийн газрыг багагүй сандаргасан гэдэг. Үүний дагуу холбогдох шалгалтуудыг АТГ-аас хийж буй билээ.
Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан аж. Төслийн санхүүжилтэд зориулсан мөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжийн тус улс дахь дансанд шилжүүлсэн байна. Үүнээс нь Солонгосын аж ахуйн нэгжийнхэн 200 мянга орчим ам.долларыг нь авч үлдээд, бусдыг нь төслийг хэрэгжүүлэгч буюу туслан гүйцэтгэгчээр шалгарсан манай улсын компани руу шилжүүлсэн гэнэ.
АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдлуудыг тогтоож, Дэлхийн банкны Мөрдөн шалгах хороотой хамтран ажилласны үр дүнд БНСУ-ын аж ахуйн нэгжийг авлигын болон санхүүгийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хохирлыг нь гаргуулахаар болж, Засгийн газрын “5Ш”-д багтсан нэг шилжүүлэн авах ажиллагаагаар Монголд авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Дэлхийн банканд төлөх өрийг нөөц сангаасаа өгөх эрсдэлээс гарсан гэнэ. Гэвч Монгол Улсад хэрэгжүүлсэн байх ёстой эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ чанарын шаардлага хангахгүй болж үлдэж буй юм. Гадаад, дотоодынхон нийлж мөнгийг нь завшиж, үрэгдүүлээгүй, товлосон хугацаанд нь ашиглалтад оруулсан бол иргэд эмнэлэгт үзүүлэх гэж цаг алдах, эмчлүүлсэн түүхийг цаг алдалгүй харах боломж бүрдэх байв. Гэхдээ буруутнуудаас хураан авсан мөнгөөр дахин уг ажлыг гүйцэтгэх боломж бүрдэж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаагМонголынталаасүргэлжилсээр байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүсийг яллагдагчаар татаад байгаа юм.
Ташрамд дурдахад, 2015 онд Азийн хөгжлийн банкнаас эрүүл мэндийн салбарт төсөл хэрэгжүүлэхэд бас л залилангийн гэмт хэрэг үйлдэгдэж, 4.7 сая ам.доллар нэхэмжилснийг Засгийн газрын нөөц сангаас олгож байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.