Техник, технологи өндөр түвшинд хөгжиж, тэр хэрээр мэдээ, мэдээлэл хүлээж авах боломж, орон зай өргөжин тэлсэн энэ үед үнэн, зөвийг ялгах ухаантай, өөрт хэрэгтэйг шүүн олж авах чадамжтай, хуурамч, ташаа зүйлсэд автдаггүй, хэрсүү хэрэглэгч байх нь гол чадварт тооцогдох боллоо. Өөрөөр хэлбэл, худал, хуурамч мэдээллээр өдөр тутам үерлэж буй нийгмийн сүлжээний их урсгал дунд төөрөхөөргүй дархлаатай, уншиж, сонссоноо ойлгодог, тунгаан боддог, дүн шинжилгээ хийдэг байх нь энэ цагийнхны хувьд онцгой ач холбогдолтой чадварт багтаж байна. Тиймээс улс орнууд ийм суурь чадварыг иргэддээ эзэмшүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол (Media and information literacy)-д дор бүрнээ анхаарсаар буй юм. Тэр дундаа мэдээллийн боловсролыг хүүхдэд бага наснаас, дунд сургуулиас нь олгох нь зөв зүйтэй, үр дүнтэй хэмээн үзэж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллах болсон билээ.
Финланд улс бага боловсролын сургалтдаа ийм хөтөлбөр нэвтрүүлээд 10 гаруй жилийн нүүр үзжээ. Өдгөө энэ нь боловсролын салбарын загвар хөтөлбөрт тооцогддог бөгөөд олон орон тус улсын жишгийг нутагшуулаад буй. Америк, германчууд нийгмийн олон бүлэгт чиглэсэн, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийн гол цөмд нь мөн сурагчид, оюутнууд байдаг. Уганда улс шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сургалтын хөтөлбөрийг бага боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх эхлэлийг амжилттай тавиад буйг олон улсын баримт шалгах төвүүд сайн жишиг болгон хуваалцаж байна. Зарим нь мэдээллийн бичиг үсгийн боловсролыг дэмжих хууль, эрх зүйн орчныг хүртэл бий болгож амжжээ.
Насанд хүрэгчдийн тогтсон хандлага, сэтгэлгээ, дадал зуршлыг өөрчлөх нь ихээхэн бэрхшээлтэй, багагүй цаг хугацаа шаарддаг тул хүүхэд ахуйгаас нь тэдэнтэй “ажиллаж”, мэдээлэлтэй харилцах суурь чадварыг суулгах нь үр дүнтэй гэж үздэг аж. Цаг үеийн хөгжлөө дагаад хүүхдүүд цахим платформуудтай эрт “танилцаж”, ашиглах болсон нь ч нийгэмд ийм шаардлага бий болгожээ. Тиймээс нэгдсэн бодлого, системтэйгээр, боловсролын хөтөлбөрөөр дамжуулан тэдэнд “хүрч ажиллах”-ыг зорьж иржээ, бусад улс орон. Харин манай улс энэ чиглэлд төдийлөн анхаарахгүй, урсгалаараа явсаар өдий хүрлээ.
Хүүхэд, залууст мэдээллийн боловсрол олгох чиглэлд хэрхэн анхаарч буй, ямар хичээлийн хөтөлбөрт ийм агуулгуудыг тусгасан байдаг талаар БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнуудаас асуухад илт зөрүүтэй мэдээлэл өгөв. Боловсролын ерөнхий газрын мэдээллийн технологийн хөтөлбөр хариуцсан арга зүйч Н.Оюунбилэг “VI-XII ангид заадаг мэдээллийн технологи хичээлийн хүрээнд сурагчдад энэ чиглэлийн мэдлэг олгодог. Анги болгонд “Мэдээлэл, загвар” сэдэвт нэг, нэг бүлэг хичээл ордог, “дээшлэх” тусам агуулга нь гүнзгийрдэг. Хүмүүс мэдээллийн технологийн хичээлээр компьютер, кодчилол заадаг гэж ойлгодог юм билээ. Техник, технологи хөгжөөд байхад кодчилол заасангүй гэж шүүмжлэх нь ч бий. Хамгийн гол зүйл нь мэдээлэлтэй харилцах ур чадвар олгох шүү дээ. Цахим орчинд бусадтай хэрхэн харилцах, хэн нэгний эрхэд халдахгүйгээр үзэл бодлоо зүй зохистойгоор яаж илэрхийлэх вэ гэдгийг ойлгуулах нь илүү үнэ цэнтэй. Монгол Улс 2005 оны үед мэдээлэл зүйн хичээл (өмнө нь ийм нэртэй байсан)-ийн стандарт баталж, боловсролын хөтөлбөртөө багтаасан. Эхэндээ компьютер хэрэглээ, алгоритм голдуу заадаг байсан бол сүүлдээ цахим боловсрол олгоход анхаарах болсон юм. 2015 оны хөтөлбөрийн шинэчлэлээр мэдээллийн технологийн хичээлийн агуулгыг улам сайжруулж, баяжуулсан” гэлээ. Харин Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Отгонбаатар “Энэ талаар тусгайлан заадаг, дагнасан хичээл гэж байхгүй. Нийгмийн ухаан, монгол хэл, математик гээд бүх хичээлийн хөтөлбөрт мэдээлэлтэй ажиллах, задлан шинжлэх, шүүн тунгаах, эх сурвалжид үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх агуулгыг их, бага хэмжээгээр тусгасан байдаг. Үндсэндээ энэ талын мэдлэг, чадварыг бүх хичээлийн хүрээнд сурагчдад олгож буй” хэмээн ярив.
Багш, суралцагчийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан гол байгууллагын мэргэжилтэн нь “Мэдээллийн технологийн хичээлээр дамжуулан сурагчдад мэдээллийн боловсрол олгож байна” гэсэн бол сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн агуулга тодорхойлох үндсэн ажлыг хийдэг хүрээлэнгийнх нь дарга “Тийм хичээл байхгүй” хэмээн үгүйсгэв. Түүнчлэн иргэний боловсрол хичээлийн хүрээнд сурагчдад мэдээллийн боловсролын талаар 2-3 цагийн хичээл заадгийг нэгэн судлаач хэлсэн юм. Эндээс манай улсын боловсролын тогтолцоо хэрхэн хөл, толгойгоо алдсаныг, мэдээллийн боловсрол хэмээх хамгийн чухал сэдвийг сургалтын хөтөлбөрт ор нэрийн төдий тусгаж, агуулга, ач холбогдлыг нь алдагдуулсаар буйг харж болно. Сурагчид ч энэ чиглэлийн мэдлэг, чадварыг хангалттай хэмжээнд эзэмшиж чаддаггүйдээ сэтгэл хангалуун бус байдгаа хэллээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийн сурагч Ц “Мэдээллийн технологи хичээлийг VI ангиас эхэлж заадаг. Би хоёр дахь жилдээ үзэж байна. Ихэвчлэн компьютерын хэрэглээтэй холбоотой хичээлүүд ордог. Цахим боловсролын талаар огт зааж байгаагүй. Мэдээ, мэдээлэл гэж юуг хэлдэг, ямар ялгаатай талаар л зааж байсан. Тодорхойлолт цээжлүүлээд, сурагч бүрээр жишээ хэлүүлж байсан санагддаг. Хөдөө, орон нутагт технологи ашиглах боломж хомс учраас хүүхдүүд энэ хичээлийн цагаар онол заалгахаасаа илүү компьютерын ард суухыг боддог. Зураг зурах, комманд цээжлэх, гар (кэйборд) ашиглаж сурах даалгавруудыг голдуу хийлгэнэ. Үүний хажуугаар фэйсбүүк, тик ток, инстаграм зэрэг сурагчид өргөн хэрэглэдэг зүйлс (платформ)-ийг хэрхэн зөв, соёлтой ашиглах талаар заагаасай гэж боддог юм. Хүүхдүүд фэйсбүүкт нэгнийхээ зургийг зөвшөөрөлгүй ашиглах, худал зүйл бичих тохиолдол байнга гардаг. Ийм байдлаар бусдыг хохироохгүй, өөрөө ингэж хохирсон тохиолдолд зөв алхам хийж чаддаг байхаас мэдээллийн боловсрол эхэлнэ” гэж ярилаа. Харин гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн IX ангийн нэгэн сурагч “Мэдээллийн боловсрол хангалттай олгодоггүй. Энэ жил гэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээлэл боловсруулах технологийн хэрэглээ гэсэн хоёр агуулгын хүрээнд найман бүлэг сэдэв үзсэн. Мэдээ, мэдээллийг хэрхэн нягтлан шалгах, ямар байдлаар хандах талаар нарийн заагаагүй. Бичиг баримт, зурган болон хүснэгтэн мэдээлэл боловсруулах хичээлүүд түлхүү орсон. Цахим харилцаа, интернэт технологи бүлэг сэдвийн хүрээнд цахим орчин дахь дээрэлхэлт, дарамтын талаар ерөнхий мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн технологи хичээлээр илүү өргөн агуулга, ач холбогдолтой зүйлс заагаасай гэж хүсдэг. Ядаж л хэрэглээний бүх төрлийн программ дээр бэрхшээлгүй ажилладаг, и-мэйл бичиж чаддаг, сошиал платформуудыг зөв ашигладаг болгох нь чухал” хэмээн байр сууриа хуваалцав. Монгол Улс өнөөдөр яг л ийм байдлаар хүүхэд, залууст мэдээллийн боловсрол олгож байна.
Насанд хүрэгчдийн тогтсон хандлага, сэтгэлгээ, дадал зуршлыг өөрчлөх нь ихээхэн бэрхшээлтэй, багагүй цаг хугацаа шаарддаг тул хүүхэд ахуйгаас нь тэдэнтэй “ажиллаж”, мэдээлэлтэй харилцах суурь чадварыг суулгах нь үр дүнтэй гэж үздэг аж.
Энэ чиглэлийн мэдлэг, боловсрол муу байх нь нийгэмд олон талаар урхаг учруулдгийг “Мэдээллийн их урсгалд хөл алдан живж буй монголчууд” хэмээх өмнөх нийтэлдээ хөндөж байв. Наад захын жишээ дурдахад л энэ нь хувь хүний эрх, эрх чөлөө, нийгмийн оролцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Манай улс, нийгмийн одоогийн байр байдал ч иргэдийн боловсрол, тэр дундаа мэдээлэлтэй харилцах суурь чадвартай тодорхой хэмжээнд холбоотой. Өдгөө бодит байдал ямар байгааг уншигчид хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тиймээс бид бусад орны жишгээр мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд, ялангуяа дунд сургуулиас нь системтэй олгоход анхаарах хэрэгтэй.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, үзэл баримтлалыг шинэчилсэнтэй холбоотойгоор мэдээллийн технологи хичээлийн хөтөлбөрийг өөрчилж, хэвлэл мэдээллийн суурь боловсролын талаарх агуулгыг гүнзгийрүүлэн тусгахаар болсныг Х.Отгонбаатар хэлсэн. Үүнтэй холбогдуулан хөтөлбөр боловсруулах баг, хамт олныг чадавхжуулах ажлуудыг хийж байгааг ч дурдсан юм. Хэлэх амархан, хэрэгжүүлэх хэцүү. Мэдээллийн боловсролыг гүнзгийрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сайжруулах чиглэлд бид өнгөрсөн жилүүдэд хайнга, хойрго хандаж ирсэн ч одооноос алдаа дутагдлаа засаж залруулах эхлэлийг тавих хэрэгтэй.
Бэлтгэсэн Н.Мишээл