2019 онд алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр I одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авлаа. Таван хөөрхөн охины ээж байсан тэрбээр жил гаруйн өмнө хүүгээ төрүүлж, өнөөдөр зургаан хүүхдийн ээж болсон билээ.
Одоогоос таван жилийн өмнө II одонгоо авахдаа тэрбээр "Хэдийгээр шагналыг нь би хүртэж байгаа ч тэднийгээ эрүүл саруул өсгөн бойжуулахад халамжит ханийн маань, хайртай аав, ээжүүд, эгч дүүсийн маань тус дэм асар их байсан билээ. Тэдэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас араасаа охин дүү нар дагуулсан Бүжка маань дүү нэмэгдэхийн хэрээр хариуцлага хүлээж, хэрсүүжиж ухаажсаар ирсэн. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгддэг, тэдний насны онцлог, хувь чанар, сэтгэхүйн онцлогт нь тааруулж харьцах хэрэгтэй болдог. Олон сайхан хүүхэд төрүүлж, тэднийгээ өв тэгш хүмүүжүүлж ирсэн үе, үеийн ээж, аавуудын хөдөлмөрийг өөрсдөө туулаад ирэхээрээ улам бүр бишрэн хүндэтгэх болсон. Үе, үеийн одонт ээжүүддээ, ирэх он жилүүдэд Алдарт эхийн одонг энгэртээ гялалзуулах бүсгүйчүүд, охиддоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байжээ.