Улаанбаатар орчимд хаврын дөрөв, тавдугаар сар модлог ургамалд онцгой эрсдэлтэй сард тооцогдоно. Учир нь энэ үед хур тунадас маш бага, мөн байн байн дэгдэх хуурай салхи, шороон шуурга нь модлог ургамлын хөрс ба чийгийг их хэмжээгээр хорогдуулж, байнга эрсдэл үүсгэдэг. Улаанбаатар хот орчимд гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд модыг долоо хоногт наанадаж нэг удаа услах, тавдугаар сарын 20–ноос долоо хоногт доод тал нь гурван удаа усалж байх нь дээрх эрсдэлээс хамгаална.
Усалгааны хэмжээ нь тухайн модны төрөл зүйл, хэмжээ, нас, хөрсний байдал, нар болон сүүдэр талд байгаа эсэх, салхинаас нөмөр газарт байгаа эсэхээс хамаарна. Усалгаанд баримтлах гол зарчим нь "Мод усыг уудаггүй, харин шингээдэг" гэсэн ойлголтыг сайтар ухаарах. Энэ ойлголтын мөн чанар нь модыг нэг удаад их хэт их услах бус, харин тогтмол хугацаанд шаардлагатай усыг нь тогтвортой өгөх ёстой гэсэн агуулгад оршино.
Шүршиж услах нь ялангуяа шилмүүст мөн ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгаснаас хойш хоёр дахь жилдээ мөчир болон титмийн хэсэг нь хатсанаас үхэх тохиолдол элбэг. Нөгөө нэг чухал асуудал бол шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөр дээрээ хамгийн их “хүлээж авдаг”.
Хавар хөрс гэсэж эхэлмэгц модны тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сийрэгжүүлэх шаардлагатай. Ингэж сийрүүлэлт хийх нь хөрсийг хүчилтөрөгчөөр хангаж, усны шингэлтийг сайжруулж өгдөг. Модны тогоон доторх хөрсөнд өвс ба зэрлэг ургамал ургах нь хөрсний чийг алдагдахад хүргэж, шим тэжээлийн өрсөлдөөн үүсгэдэг тул тэдгээрийг байнга устгаж байх ёстой.
Модны хөрсөнд байх нэг чухал зүйл нь “Мulch” буюу хучмалж юм. Хучмалжийг органик материал болох мод, зомгол, холтос зэргээр хийдэг. Хучмалж нь хөрсний чийгийг хадгалж байдгаараа маш чухал ач холбогдолтой.