БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна. Аж ахуйн нэгжүүдэд ойр орчмынхоо 50, иргэд, олон нийтэд 10 ам метрээс доошгүй талбайг цэцэрлэгжүүлэх, төлөвлөлт хийх болзол тавьж байгаа гэнэ. Түүнчлэн орчны тохижилтыг бүтээлчээр, байгальд ээлтэйгээр хэрхэн шийдсэн байдлыг нь харгалзах аж. Ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх эл уралдааныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хабитат, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэмжиж, хамтран зохион байгуулахаар болжээ. Уралдааны төгсгөлд дээрх хоёр аймаг, нийслэлээс тус бүр гурван байр шалгаруулах бөгөөд ялагчдад мөнгөн урамшуулал олгож, хийсэн ажлыг нь олон нийтэд сурталчлах юм.